Д.Тэрбишдагва 2018.10.22 | News.mn

Д.Тэрбишдагва: Оюутолгойн ажлын хэсэг бодитой дүгнэлт гаргана

Д.Тэрбишдагва: Оюутолгойн ажлын хэсэг бодитой дүгнэлт гаргана

Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болно.

Ажлын хэсгээс гарсан шалгалтын дүгнэлтийг намрын чуулганаар  хэлэлцэх учиртай. Ажлын хэсэг чуулганы хуралдаан завсарлаж байх хугацаанд  ч ажилласан. Нийтдээ 200 гаруй хуудас материал бүхий урьдчилсан дүгнэлт бэлэн болсон гэдгийг тус ажлын хэсгийн ахлагч  Д.Тэрбишдагва хэлсэн юм. 

Өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдэд тус  урьдчилсан дүгнэлтийг нууцын зэрэглэлтэй  тараасан.  Уг нь есдүгээр сарын 25-ны дотор ажлын хэсгийн гишүүдийн санал, дүгнэлтийг нь авч албан ёсны дүгнэлтийг нэгтгэж гаргахаар төлөвлөж байсан  ч одоогоор зарим гишүүд саналаа ирүүлээгүй байгаа гэнэ.

Тиймээс гишүүдээс  саналыг өнөө, маргаашдаа шахаж аваад тус  саналуудыг  тусгасан нэгдсэн дүгнэлтийг УИХ, Эдийн засгийн байнгын хороогоор оруулах юм. Оюутолгойг шалгах ажлын хэсэгт "Ард түмэн өндөр итгэл өгч, бодитой дүгнэлт гаргаасай"  гэж хүсч  байгаа гэдгийг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва  тодотгож буй.

Тус гэрээ монголчуудад ашигтай эсэхийг нягтлах, Монголын талд ногдох өгөөжийг нэмэх боломжийг эрэлхийлэх, хөрөнгийн зарцуулалтын үр ашгийг шалгах ажлын хэсэг УИХ-ын  13 гишүүний бүрэлдэхүүнтэй, дотроо таван дэд ажлын хэсэгт хуваагдан шалгалт явуулж байгаа.

Тухайлбал, Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагааны хэрэгжилт, төсөв санхүүгийн, дэд бүтцийн, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллын, хөрөнгө оруулалтын болон бусад гэрээний биелэлт, үр дүнг тооцох, уул уурхай, байгаль орчин, газрын харилцааны гэсэн Дэд ажлын хэсэгт салбар яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, судлаачид, эрдэмтэд, төрийн бус байгууллагын төлөөлөл, хөндлөнгийн хараат бус экспертүүдийг оролцуулсан.