Бямбацогт.С Энхбаяр.Ж Энх-Амгалан.Б Б.Дэлгэрсайхан 2018.10.22 | Vip76.mn

Цэргийн албан хаагчид тэтгэвэрээ 5 жилээр тооцуулна

УИХ-ын өнгөрөгч баасан гаригт /2018.10.19/ “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг баталлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар дээрх хуулийн төслийг санаачлан, боловсруулжээ.

Хууль батлагдсанаар Цэргийн алба буюу Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр, Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шинжилгээ, Хилийн цэргийн албанаас тэтгэвэрт гарагсад тэтгэвэрээ 7 биш 5 жилээр тооцуулах боломжтой болж байгаа юм.

2018 оны 2-р сард УИХ-ын намрын чуулганаар “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хууль дагаж өөрчлөгдсөн бөгөөд тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон юм.

Ингэж өөрчлөх болсон шалтгаан нь Олон Улсын Валютын сангийн санхүүжилтийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын тулд Нийгмийн даатгалын сангийн алдагдлаа бууруулах шаардлагатай байсан учраас тэтгэвэр тогтооход тооцох хугацааг ийнхүү сунгасан юм.

Энэ тухай УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ: “Засгийн газар ОУВС-тай гэрээ хийхэд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай байна. Тиймээс эдийн засаг өсөх эхний шинж тэмдэг мэдэгдэх үед Цэргийн албан хаагч нарын тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж жилийн өмнө амлалт өгч байж УИХ-аар батлуулсан. Нийгэм, эдийн засгийн амаргүй энэ үед бид явж байна. энэ үед төрийн тулгуур болсон эдгээр байгууллагуудын өндөр боловсролтой дадлага туршлагатай офицерууд албанаасаа халагдах өргөдөл өгч байгаа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн өөрчлөлт ноцтой, хортой нөлөө үзүүлсэн нь харагдаж байна.

Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэвэрээ 2019 оноос тогтоолгож байгаа алба хаагчдад хохиролтой байсан юм.

Тухайлбал,

  • Ахлагчийн тэтгэвэр 1 сард 30704-33512 төгрөгөөр,
  • Офицерийн тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр,
  • Ахлах офицерийн тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байжээ.

Дээрх өөрчлөлтөөс болж батлан хамгаалах салбараас мэргэжлийн, өндөр боловсролтой, олон жилийн дадлага туршлагатай олон мянган албан хаагч 2019 оны 12 сараас өмнө тэтгэвэртээ гарах хүсэлтээ өгөөд байжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Дэлгэрсайхан, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр, Б.Энх-Амгалан нар “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл боловсруулсанаа өнгөрөгч 9-р сарын 28-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн.

“Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл өргөн барив.

Энэхүү төсөлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “7 жилийн цалин хөлсний нийлбэрийг 84-т” гэснийг “5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д гэж”, “7 хүртэл жил” гэснийг “5 хүртэл жил” гэж өөрчлөхөөр тусгажээ.

Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн О.Содбилэг

"Хуулийн төслийн агуулгыг дэмжиж байна. Цэргийн албанд сонголтгүй тушаалаар ажилладаг хүмүүсээ хохироохгүйгээр 2019 оны төсөв хэлэлцэх үед оруулж ирнэ гэж жилийн өмнө ярьж байсан. Энэ 12 сарын 31-ээс өмнө өргөдлөө өгөөд албанаасаа гарах хүн олон байгаа тухай мэдээлэл байна. Яагаад гэвэл энэ хүмүүс чинь тэтгэвэрээ өндөр тогтоолгох сонирхол байна. Харин одоогийнхоороо явбал удаан жил, цолны нэмэгдэл энэ тэрээ тооцуулахгүй хохирох нөхцөл үүснэ."

"Монгол Улсын цэргийн алба хаагчдын нэр хүнд өндөр байна. Дотооддоо төдийгүй дэлхийд өндөр үнэлэгдэж байгаа. Дотооддоо цэргийн албанд итгэх нийгмийн итгэл дэмжлэг, энэ албанд элсэх залуучуудын сонирхол өндөр болсон. Энэ салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавх эрс нэмэгдсэн. Энэ яг цаг үед олон улсын дэмжлэг энэ салбараар орж ирж байна. Үүнийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс энэ албандаа итгэх итгэл урам зоригийг унагаж болохгүй."

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

УИХ-ын Б.Бат-Эрдэнэ

"Эдийн засгийн хүндрэл гарахаар, юуны түрүүнд тусгай чиг үүрэг хүлээсэн албаны ажиллагсад, тэдний нийгмийн баталгаа руу ханддаг. Үүний оронд доороос нь нэмэх бодлого барих хэрэгтэй. Энэ бол нийгмийн зүй ёсны шаардлага.  Энэ нэг удаагийнх биш, өмнө нь бас нийгмийн баталгаа руу дайрч байсан.  Энэ онцлогтой салбарын хувьд  5 жил байх нь зүйтэй."

Дээрх хуулийн төслийг өнгөрөгч баасан гаригт /2018.10.19/ УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул баталсан юм.

Ингэснээр Цэргийн албан хаагчид, үүн дотор Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Шүүхийн шийдвэр, Цагдаагийн байгууллага, Дотоодын цэрэг, Шүүхийн шинжилгээ, Хилийн цэрэгт алба хаагчид тэтгэвэрээ тогтоолгохдоо 7 биш 5 жилээр хугацааг тооцуулах боломжтой боллоо. Мөн тэтгэвэрт гарахдаа авдаг тэтгэмж хэвээрээ байх бөгөөд 36 сарын тэтгэмжээ тооцуулж авах юм.

Ц.Соёлмаа