Т.Бадрал 2018.10.22 | Zaluu.com

Сайхан мэдээ: Б.Анхболд Онцгой байдлын албанд зүтгэхээр боллоо

Сайхан мэдээ: Б.Анхболд Онцгой байдлын албанд зүтгэхээр боллоо

Энэ сарын 12-ны өдөр манай сайтад нийтлэгдсэн "Аз жаргал, хайр түгээсэн ААВ ХҮҮ хоёрын ЕРТӨНЦ" сурвалжлагын гол баатар Б.Анхболдын гэр бүлд туслах хандивын аян үргэлжилсээр байна.

Аав, хүү хоёрын сурвалжлага манай сайтад нийтлэгдсэнээс хойш хандив, тусламж өгөх, тэдний мөрөөдлийг биелүүлэх гэсэн маш олон хүн холбогдсон байдаг.

БГД-ын Гэр бүл, Ёслолын ордон, "Наран ресторан" хурим, хуримын цайллагыг үнэ төлбөргүй хийж өгнө

Тодруулбал, Б.Анхболд ХУРИМЫН ОРДОН орж, гэрлэлтээ батлуулахыг мөрөөддөг. Хэдийгээр эхнэрээ хуримын даашинзтайгаар харахыг хүсдэг ч миний энэ мөрөөдөл биелэхгүй. Тиймээс ядаж эхнэртээ даашинз өмсгөөд, өөрөө пиджак өмсөөд, зангиа зүүж байгаад ч боловч зургаа авахуулах юмсан хэмээн ярьсан юм. Харин түүний энэ мөрөөдлийг БГД-ийн Гэр бүл, Ёслолын ордоныхон биелүүлэхээр болж, тэдний хуримын өдөр товлогдсон. Б.Анхболд, М.Түмэнжаргал нар энэ сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулахаар болсон юм. Харин энэ мэдээллийн дараа "Наран ресторан"-аас холбогдож, Б.Анхболд, М.Түмэнжаргал нарын хуримын цайллагыг ямар ч үнэ төлбөргүйгээр хийж өгөхөөр болоод байна.

Б.Анхболд архи уудаг хүнд маш дургүй, өөрөө ч архинаас хол байдаг учир "Наран ресторан"- зүгээс хосдоо зориулан Сүүн цагаан хурим хийхээр төлөвлөжээ. Харин сүйт бүсгүйн болон гэрчийн даашинзыг манай сайттай хамтран ажилладаг “Butterfly” хуримын даашинзны салон хариуцахаар болсон билээ. Мөн “Орхон” beauty spa salon Б.Анхболд, М.Түмэнжаргал нарт хуримын ёслолд зориулан үйлчилгээ үзүүлэх төдийгүй make up-ийг үнэ төлбөргүй хийх юм.

Тэгвэл энэ долоо хоногийг дахин нэг сайхан мэдээгээр эхлүүлэх гэж байна. Тодруулбал, ОБЕГ-ын дарга Т.Бадрал Б.Анхболдыг төрийн албанд буюу ОБЕГ-т ажилд авахаар болжээ. Боловсрол мэдлэг муутай, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээнд алдсан түүнд төрийн албанд ажилд орно гэдэг далайгаас сувд шүүрэхтэй адил юм. Гэвч амьдралд хайртай, ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр хардаг Б.Анхболдыг өнгөрсөн баасан гаригт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзан, ажилд авахаар болсоноо хэлжээ. 

Хошууч генерал Т.Бадрал ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, нийгмийн хүмүүнлэгийн үйлсэд ихээхэн оролцдог учраас манай нийтлэлийг харж, Б.Анхболдыг ажилд авах тухай судалсан аж. Улмаар түүнийг ажилд авах боломжтой байсан тул ажилчиддаа даалгавар өгч Б.Анхболдыг дуудан уулзан, ажилд авахаа мэдэгджээ. Тэрбээр өнөөдрөөс ажилдаа орж, дагалдан ажилтнаар ажиллаж эхлэх юм. Тэрбээр харуулаар ажиллах аж.

Б.Анхболдын гэр бүлд эрүүл мэндийн үзлэг хийжээ

Б.Анхболдын гэр бүлд туслах сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж үүгээр ч дуусаагүй. Б.Анхболд болон эхнэр М.Түмэнжаргал нар хоёулаа өвчтэй тул групп тогтоолгосон. Тодруулбал, Б.Анхболд гэх залуу дөрвөн настайдаа тархиндаа тал харвалт өгснөөс үүдэн баруун гарын хуруунууд нь мэдээгүй болж, групп тогтоолгосон. Харин эхнэр нь тархины өвчний улмаас групп тогтоолгон гэртээ байдаг. Тиймээс Б.Анхболд хүүтэйгээ сав, лааз түүж олсон орлогоороо шаардлагатай эм тариа болон байнга авч өгдөг юм. Тиймээс тэдний эрүүл мэндэд санаа зовсон, эрүүл мэндийн салбарт ажилладаг иргэд хандаж тэдэнд үнэ төлбөргүй үйлчилсэн билээ. н.Бат-Эрдэнэ захиралтай “Болор” шүдний эмнэлгийн хамт олон Б.Анхболдын гэр бүлийн шүдийг үнэ төлбөргүй эмчилжээ. Мөн нэгэн бариа заслын эмч Б.Анхбаярт харвалтын дараах нөхөн сэргээлтийн бариа заслыг 10 хоногийн эмчилгээг үнэ төлбөргүйгээр хуримын ёслолын дараа өдрөөс эхлэн хийхээр болсон аж. 

 Б.Анхболдын гэр бүл өөрсдийн гэсэн хашаатай боллоо

Мөн Б.Анхболд нь айлын хашаанд амьдарч байсан бол хандивд цугласан мөнгөөр өөрсдийн гэсэн хашаатай болсон байна. Түүний нэр дээрх хандивын дансанд цугласан 3 сая 700 мянган төгрөгний 2 саяар нь СХД-ийн 22 дугаар хороо "Орбит"-д байрлалтай эрүүл газар, худаг автобусны буудалдаа ойрхон хашааг худалдан авч өгчээ.  “Хүүхдийн хүчирхийллийн эсрэг албан ёсны фэйсбүүк групп”-ийн гишүүд хашааг янзалж барих, газрыг тэгшлэх цэвэрлэх, хаалга хийх, гэрийн буурь засах гэх мэт ажлуудыг хийж байгаа аж. Энэ долоо хоногт Б.Анхболдынх шинэ хашаандаа нүүж очих юм. Б.Анхболдын гэр бүлд туслах хандивын аян одоо ч үргэлжилж байна. Б.Анхболдын гэр бүлд туслахыг хүсвэл 5017377484 Б.Анхболд гэсэн дансанд хандив өгөх боломжтой. 

Мөн энэ сарын 24-нд болох тэдний хуримын үйл ажиллагааг манай сайт шууд дамжуулах болно. 

Х.Соёл-Эрдэнэ