Хамтарсан ажлын хэсэг орон нутагт үр дүнтэй ажиллалаа
2018.10.22

Хамтарсан ажлын хэсэг орон нутагт үр дүнтэй ажиллалаа

ОБЕГ Улсын нөөцөд ногоон тэжээл авна

БОХХАА-н Байнгын хорооны даргын  удирдамжаар Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумын газар тариалангийн бүс нутагт байнгын хорооны  гишүүд, ажлын албаны ажилтнууд болон ОБЕГ-ын холбогдох албан тушаалтнууд, ХХААХҮ-ийн сайд тус яамны газар хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг  намрын ургац хураалтын явцтай танилцан орон нутагт ажиллалаа./2018.10.19-2018.10.20/ 2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Хэдийгээр байгаль, цаг агаараас шалтгаалсан хэд хэдэн  хүндрэл гарсан ч улсын хэмжээнд нөлөөлөхүйц хохирол учраагүйг салбарын сайд онцолж байна Энэ жилийн тухайд га-гаас авах ургацын хэмжээ харьцангуй өссөн. Тодруулбал, өнгөрсөн онд нэг га-гаас 8,48 центр үр тариа хураан авч байсан бол 2018 онд нэг га-гаас дунджаар 14 центр үр тариа хураан авч байна. 

Одоогийн байдлаар 48.2 мянган га-г ангилан хадаж нийтдээ 257.1 мянган га-гаас 342.1 мянган тонн үр тариа, үүнээс 330.4 мянган тонн улаанбуудай,  12.8 мянган га-гаас 160.1 мянган тонн төмс, 8.2 мянган га-гаас 91.8 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 75.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 98.8 хувийн явцтай байна. 7-р сарын сүүлчээс 8 –р сарын дунд хүртэл үргэлжлэн орсон бороо хур, мөн 9-р сарын эхэн дунд үед орсон цаснаас шалтгаалж 80 орчим мянган га талбай эрсдэлд орсноос  30 орчим мянган га нь ногоон тэжээл рүү шилжсэн юм. Үүнтэй холбогдуулаад ХХААХҮЯам ОБЕГ-т өвс тэжээлийн нөөцдөө ногоон тэжээлийг авах тухай санал хүргүүлсэн юм. Хамтарсан ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэрээ энэ асуудлыг шийдвэрлэлээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал: Онцгой байдлын ерөнхий газар улсын нөөцийг бүрдүүлдэг байгууллагынхаа хувьд ногоон тэжээлийг улсын нөөцөд худалдаж авах боломжтой эсэхтэй газар дээр нь танилцаж байна. Мөн улсын нөөцөд үрийн улаанбуудай худалдан авдаг. Энэ дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас элит үр, нэг, хоёр, гуравдугаар зэргийн үрээс дээж авч шинжилж байна. Засгийн газрын 10 дугаар 10-ны ээлжит хуралдааны үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Ерөнхий сайд, Онцгой байдлын ерөнхий газарт хандан ногоон тэжээлд шилжиж буй тодорхой хэмжээнд ногоон тэжээлд шилжиж буй буудайг улсын нөөцөд худалдан авахыг хүссэн. Тиймээс ийнхүү газар дээр нь танилцаж, хяналт, шалгалтын дүн гарсны дараа Улсын нөөцөд хэдиий хэмжээний ногоон тэжээл, үрийн улаанбуудай авах эсэхээ шийднэ гэлээ. 

Хамтарсан ажлын хэсгийн гишүүд Дархан-Уул аймгийн Хонгор сум дахь Малын удмын сангийн үндэсний цогцолборын үйл ажиллагаатай танилцсан. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь  “Атар трейд” ХХК-ийн  ургац хураалтын явц,  мөн суманд баригдаж буй тариалангийн талбайн хашаажуулалтын ажлын явцтай танилцаж, “Гацуурт” ХХК-ын ургац хураалт, эрчимжсэн МАА-н үйл ажиллагаатай Зүүнбүрэн сум дахь “Алтан тариа” ХХК-ийн  сүүний үхрийн фермийн үйл ажиллагаатай тус тус танилцсан юм. БОХХАА-н байнгын хорооны гишүүд орон нутагт ажиллаж танилцсан болон салбарт тулгамдаж байгаа хууль эрхзүйн асуудлыг шийдвэрлэх талаар ХХААХҮЯамтай хамтран төлөвлөгөө боловсруулж байнгын хороонд танилцуулах юм.