Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ
2018.10.23

Монголын оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээн эхэллээ

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэ ажлын хүрээнд Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулж, өчигдөр нээлээ.

Монголын оюутны сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан мэндчилгээ дэвшүүлснийг Нийслэлийн ИТХ-ын Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил уламжиллаа. Мөн энэ үеэр хоёр тамирчинд Спортын мастер цол олгосныг Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч О.Тэнүүн гардуулав.

Тэмцээнд эрэгтэй 40 баг тамирчин, эмэгтэй 15 баг тоглохоор болсон байна. Энэ удаагийн тэмцээний шилдгүүдээс бүрдсэн багийг 2019 онд Италийн Наполи хотноо зохион байгуулах оюутны универсиадын тэмцээнд оролцуулах юм. Мөн Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг 2.1-ээс доошгүй голч дүнтэй байх шалгуур тавьсан байна.

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос дараагийн жилүүдэд монголынхоо тамирчдыг NBA-д тоглуулахыг зорилго болгон ажиллаж байна.