Х.Нямбаатар 2018.10.24 | Өдрийн сонин

Х.Нямбаатар: Агаарын бохирдолтой тэмцэхэд улстөржих шаардлагагүй

Х.Нямбаатар: Агаарын бохирдолтой тэмцэхэд улстөржих шаардлагагүй
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-2019 оны төсвийг бүхэлд нь та хэрхэн харж байна вэ. Замбараагүй л яваад байх шиг. Гишүүд хүртэл өөрсдөө төсвөө мэдэхгүй байна гэх юм?

-Бүлэг дээр төсөв хэлэлцээд эцсийн байдлаар тойм гарч ирнэ. Орон нутаг руу төсвийн зарим эрх мэдлийг шилжүүлж байгаа. Тухайлбал, эрүүл мэнд, боловсролын салбарын тогтмол зардлыг бүхэлд нь анх удаагаа шилжүүлж байна.

Цаашид тогтмол зардалтай нь хамт хувьсах зардлыг нь шилжүүлэх ёстой. Ноднин төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөг байсан бол энэ жил 1.9 их наядад барина гэсэн ОУВС-тай хийсэн тохиролцоо бий.

-Гэхдээ ирэх онд төсвийн орлого, зарлага маш өндөр байна гэсэн шүүмжлэл бий. Ирэх оны төсвийг 2018 оны төсвийн хэмжээнд батлаад явбал Монголд хэрэгтэй үйлдвэрүүдээ барих боломжтой гээд байгаа л даа...

-Төсвийн орлогыг хоёр их наядаар нэмэгдүүлж байгаа. Орлого сайн олж байж улс хөгжинө биз дээ. Орлого их олох гэлээ гээд шүүмжлэх нь утгагүй.

-Утааг бууруулах хүрээнд айлуудын янданд шүүлтүүр суурилуулахаар 54 тэрбум төгрөг төсөвлөж оруулж ирсэн нь маргаан дагуулж байна. Таны байр суурь ямар байгаа бол. Таны сонгогдсон Сонгинохайрхан дүүрэг утааны голомт гэж яригддаг шүү дээ?

-Сонгинохайрхан дүүрэг гэлтгүй бүх дүүрэг л агаарын бохирдолтой байгаа. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд оччихлоо гэдгийг бүгд мэдэж байна. Тиймээс агаарын бохирдолтой тэмцэхэд ямар нэгэн улстөржилт байх шаардлагагүй. Хамгийн гол нь агаарын бохирдолтой тэмцэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай байх ёстой.

Гадуур 54 тэрбум төгрөгөөр яндангийн шүүлтүүр тавьж байхаар орон сууцжуулчих гэдэг зүйлийг ярьж байна.

Тийм пиарыг хүртэл хийж байгаа. 54 тэрбум төгрөгөөр хэдэн айлыг орон сууцжуулах юм.

Бодоод үзээрэй. Маш бага тоо гарна. Энэ цагт бид бүгдээрээ утаанд хордоод ирээдүй хойч үед маань аюулын харанга дэлдчихлээ. Тиймээс бид агаарын бохирдлоос салах зайлшгүй алхам хийх ёстой. Агаарын бохирдлоос салах оролдлого хийхгүйгээр бурхан гэнэт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулна гэдэг ойлголт байх ёсгүй юм.

Мөн нэг айлд тавьж буй 500 мянган төгрөгийн шүүлтүүрийн үнээр нэг айлд орон сууц барьж өгөх ямар ч боломжгүй. Засгийн газрын зүгээс тооцоо, судалгаа хийж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэ асуудалд хандсан байх гэж бодож байгаа.

-Тэгээд утаа бууруулахад ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Цаашид агаарын бохирдлыг бууруулахын тулд Улаанбаатар хотын санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар 2019 онд шийдвэр гаргаж өгнө гэсэн хүлээлттэй байгаа. Хотоос сонгогдсон гишүүд ч гэсэн адилхан байр суурьтай байгаа.

Эдийн засгийн том чадавхтай дэлхийн мега хотууд санхүүгийн хувьд бие дааж, бонд гаргаж, түүгээрээ хотынхоо өмнө тулгамдсан асуудлыг шийддэг зарчимтай. Тиймээс цаашид Улаанбаатар орчин цагт эсгий гэрээс орон сууцажсан, төлөвлөлт сайтай хот болохын тулд бодлогын ахиц гаргахгүйгээр явахгүй. Өнөөдрийн шүүмжлээд байгаа шиг үүдний пин барих, дулаалгаар асуудлыг шийдэх боломжгүй.

-Та агаарын бохирдлыг бууруулахын тулд оролдлого хийх ёстой гэлээ. Шүүлтүүр тавих оролдлого нь тэгээд хэр үр дүнтэй юм бэ. Нэг яданд 500 мянган төгрөгийн шүүлтүүр суурилуулна гэх. Бид орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөн нийгэмд амьдарч байгаа биз дээ. Өөр бодлогын шийдэл алга уу?

-Хүн бүр утаанаас салах оролдлого хийх ёстой. Haier-н эрдэмтэдтэй судалгаа хийсэн гээд байгаа. Би тэр чиглэлийн шинжлэх ухааны ажилтан биш болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан сорилыг давсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлье гэдэг шийдэлд хүрсэн гэж байсан. Шүүлтүүр биш юм бол өөр ямар шийдэл байгаа юм бэ. Бид заавал утаатайгаа байсаар байх юм уу. Ядаж утаагаар 40-50 хувь бууруулж дараагийн ээлжинд 70-80 хувь бууруулах гэх мэтээр шат дараатай явах ёстой л доо. Өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийг шууд бүрэн орон сууцанд хамруулах боломжгүй. 220 мянган айлыг орон сууцанд хамруулахад хэдэн их наяд төгрөгийн хөрөнгө гарах вэ гэдэг тооцоо урьдчилсан байдлаар гарчихсан.

54 тэрбум төгрөгөөр Улаанбаатарын иргэдийг бүрэн орон сууцанд хамруулчихдаг бол эрх баригчид хамгийн түрүүнд орон сууцанд оруулна биз дээ. Бид утаанаас салахын тулд бүх талын арга хэрэгслийг хослуулж байж цаашаа явна. Эхлээд янданд шүүлтүүр тавьж, зарим уурын зуухуудыг хааж төвийн инженерийн шугамд холбох, зарим айлуудыг гадны хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд хорооллоор нь орон сууцжуулах цогц ажлуудыг төр хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хийх ёстой.

-Таныг намынхаа бүлэгт Улаанбаатарын түгжрэлийг бууруулах тал дээр судалгаа танилцуулсан гэсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд үнэ өртөг нь өндөр байх уу?

-Улаанбаатар хотын өмнө тулгамдсан яах аргагүй өөр нэг асуудал нь авто замын түгжрэл. Нийслэлийн намын хороон дээр ажлын хэсэг гараад 2019 оны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулах нэгдүгээр төлөвлөгөөг хэрэг-жүүлье гэдэг зураг төсөв бэлтгэл ажил хийгдсэн. Намын бүлгийн хуралдаа танилцуулсан.

Эхний ээлжинд Улаан-баатар хотоос татан төвлөрүүлж байгаа 289 тэрбум төгрөгөөсөө улс 100 тэрбум төгрөгийг нь үлдээгээч ээ гэж байгаа юм. Бид хэвтээ болон босоо тэнхлэгийнхээ түгжрэл үүсгэж буй гол замуудад нэмэлт блокуудыг барьж байгуулах бүтээн байгуулалтыг ирэх онд өрнүүлье гэж байгааг дэмжиж өгөөч гэж бүлэгт саналаа оруулсан.

-Түгжрэлийг бууруулах тал дээр судалгаа хийсэн юм байна. Яг ямар ажил хийх ёстой гэж?

-Улаанбаатар хот шиг төв тэнхлэгээрээ төмөр замаар огтлолцдог хотууд олон байдаг юм билээ. Энэ тохиолдолд төмөр зам, авто зам хэзээ ч нэг түвшинд огтлолцохгүй байдлаар гүүр эсвэл нүхэн гарцаар төмөр замыг нэвтэрдэг. Улаанбаатар хотын өмнө болон хойд талыг холбосон нэвтрэх чадварыг нэмэгдүүлсэн зургаан нүхэн гарцыг барьж байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл 4.2 метрийн өндөртэй зорчих эгнээ нь найман эгнээтэй гүүрэн байгууламжийг байгуулах ёстой. Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцаж төмөр замын өмнө хэсэгт давхар баруунаас зүүн рүү чиглэсэн хэвтээ тэнхлэгийн шулуун авто зам тавьж түгжрэлийг бууруулах ёстой юм. Мөн хэд хэдэн блокуудыг холбосон авто замын байгуулалтыг хийх хэрэгтэй. Улаанбаатар хотын гадна кольцо тойрог замуудыг холбож дуусах ёстой гэсэн үе шатууд байна.

-100 тэрбум төгрөгийг нь Нийслэлд үлдээлээ гэхэд энэ асуудал шийдэгдчих юм уу?

-100 тэрбум хангалттай биш. Зургаан нүхэн гүүр, хэвтээ тэнхлэгийн болон бусад авто замуудыг хийхэд эхний ээлжинд 226 тэрбум төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд Нийслэлийн төсвөөс улсын төсөвт татан төвлөрүүлж байгаа 100 тэрбум төгрөгийг нийслэлд нь үлдээгээд Нийслэл өөрийн дотоод нөөц боломжоо шавхаад дээр дурдсан нэгдүгээр шатны ажлыг 2019 онд хийж хэрэгжүүлэх, санхүүжилтийг нь он дамнуулж олгох гэсэн арга замуудыг эрэлхийлж байгаа юм. Өнөөдөр бие биенээ хараад, шүүмжлээд, яриад үр дүнд хүрэхгүй. Зураг төсөвтэй энэ ажлыг эхлүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

Э.Энхболд