2018.10.24

Цэргийнхнээс бусад иргэний агаарын бүх хөлгийг гаалийн болон бусад хураамжаас чөлөөлнө

УИХ-ын намрын чуулган эхлээд сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 5 хуулийн төсөл батлуулсны нэг нь Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр”-т Монгол Улс нэгдэн орох тухай хуулийн төсөл юм.

2018 оны 10 сарын 12-нд батлагдсан уг төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн бөгөөд ажлаа аваад 1 хонож байсан Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарын үед батлуулсан анхны хууль болж байна.

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар

Тэрээр хуулийн төслийг танилцуулахдаа: “Иргэний нисэхийн салбар нь нийгэм эдийн засгийн онцгой чухал бүрэлдэхүүн болохын хувьд агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын хөлгийн тоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, технологийн цаашдын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх зорилгоор иргэний агаарын хөлөг түүний сэлбэг тоног төхөөрөмжийг худалдан авах ажиллагааг хялбарчлан Засгийн газраас татварын бодлогоор дэмжих зайлшгүй шаардлага гарч байна” хэмээн дурдсан байна.

“Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр” гэж юу вэ?

Манай Улс Дэлхийн худалдааны байгууллагад 1997 онд элсэн орсноор тус байгууллагын 164 оронтой нэн тааламжтай нөхцөлөөр худалдаа хийх, гишүүн орнуудын худалдааны бодлого, баримт бичгүүдийн мэдээллээр хангагдах, өөрийн улсын эрх ашгийг хамгаалах, техник туслалцааны хүрээнд дэмжлэг авах бололцоо бүрдсэн юм. Дэлхийн худалдааны байгууллагын “Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр нь” 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болсон бөгөөд одоогоор 32 улс нэгдэн орсон байдаг аж. Хэлэлцээрийн гол зорилго нь цэргийн зориулалтаас бусад иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр болон холбогдох тоног төхөөрөмжийн худалдаанд үүсч байгаа бэрхшээлийг арилгах, хэлэлцээрийн хавсралтад тусгасан тоног төхөөрөмж, эд ангийг ГААЛИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ зориулалттай байна.

Хэлэлцээрт нэгдэн орсноор бидэнд ямар ашигтай вэ?
  • Агаарын хөлөг түүний сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаанд учирдаг саад бэрхшээлийг багасгаж, хялбаршуулснаар арилжааны агаарын тээврээс гадна хөдөө аж ахуй, түргэн тусламжийн, хувийн хэрэгцээний зэрэг ерөнхий зориулалтын агаарын тээврийн салбарын хөгжилд дэмжлэг болно.

  • Цэргийн зориулалтаас бусад бүх төрлийн иргэний агаарын хөлөг, хөдөлгүүр түүний эд анги, иргэний агаарын хөлгийн бүрэлдэхүүн хэсэг болох эд анги, газар дээрх нислэгийн бүх дадлагажуур татвараас чөлөөлөгдөх боломжтой болсноор иргэний нисэхийн салбарт агаарын хөлөг авч ашиглах таатай нөхцөл бүрдэнэ.

  • Агаарын хөлгийн засвар үйлчилгээ хийх экспортын үйлчилгээ Монгол Улсад хөгжихөд дэмжлэг болно.

Юуг гаалийн болон бусад хураамжаас чөлөөлөх вэ?
  • Цэргийнхнээс бусад иргэний агаарын бүх хөлөг

  • Иргэний агаарын хөлгийн хөдөлгүүр, түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг

  • Иргэний агаарын хөлгийн бусад эд анги, бүрэлдэхүүн хэсэг, дэд угсралтын хэсэг

  • Газар дээрх нислэгийн бүх дадлагажуур болон түүний эд анги, бүрэлдэхүүн хэсэг

Тоо, баримт сөхвөл:

Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгийн тоо

2011 он - 42

2018 он - 25 агаарын хөлөг байна.

Эдгээрээс

  • Зорчигч тээврийн 16,

  • Хөдөө аж ахуй, сургалт, ачаа тээврийн 9 агаарын хөлөг байдаг аж.

Агаарын тээврийн байгууллагуудын хувьд өндөр үнэ өртөг бүхий агаарын хөлгийг шууд худалдан авч ашиглахад санхүүгийн хүндрэлтэй байдаг тул агаарын хөлгийг түрээсээр авч ашиглах нь түгээмэл байдаг. Одоогийн байдлаар нийт 4 агаарын хөлөг түрээсээр ашиглаж  байна.