Ц.Даваасүрэн 2018.10.24 | medee.mn

Ц.Даваасүрэн: Тавантолгойд барих цахилгаан станцыг нэг тэрбум доллараар барина

Ц.Даваасүрэн: Тавантолгойд барих цахилгаан станцыг нэг тэрбум доллараар барина

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эрчим хүчний салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталжээ. Уг асуудлаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг цэгцлэх зорилгоор дунд хугацааны хөтөлбөр баталж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина.

Тухайлбал, ТЭЦ-III дээр хоёр ажлыг эхлүүлж, 250 мегабайтаар өргөтгөж, 75 мегабайтаар хүчин чадлыг нэмнэ. ТЭЦ-4ийн 1-4 генераторын шинэчлэл хийж хүчин чадлыг 92 мегабайтаар нэмэгдүүлнэ. Амгалангийн дулааны станцыг 50 мегабайтын эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Тэгвэл жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно.

Энэ станцууд баригдсанаар Монгол Улс 2021 он хүртэлх хэрэглээний өсөлтийг хаана. Энэ станцуудын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 мегабайтын эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Энэ жил 300 келватын шугамыг Улаанбаатар Мандалговь хоёрын хооронд барьж байгаа. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. 400-500 мегабатын эх үүсвэр нэмэгдүүлбэл Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно.

Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ.  Мөн эрчим хүчний салбарын аюулгүй байдал. Дулааны цахилгаан станцыг 200 мегабит болгож өргөтгөх, 125-ын хоёр генератор тавина. Нэг нь газын генератор. Газын генератор 3-5 минутын дотор эргэлтэд ороод халаалтаа өгнө.

Энэ бол маш чухал. Мөн 100 мегабайтын хүчин чадалтай батарей  хуримтлуур тавина. Мөн баруун бүст Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үргэлжлүүлэх бол зүүн бүст Дорнодын станцыг 50 мегабайтаар өргөтгөнө. Үүнийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийнэ” гэлээ.

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Энэ ажилд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай гэж төлөвлөж байгаа вэ. Санхүүжилтийг хаанаас гаргах вэ?

-Янз бүрийн эх үүсвэр бий. Ихэвчлэн гадаад зээл, хөнгөлөлттэй зээл. Концессын гэрээгээр нэг төсөл байгаа. Тэр нь Багануурын цахилгаан станц. ОХУ-ын 400-500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гурав, дөрөвдүгээр цахилгаан станцыг өргөтгөнө. Мөн Амгалан болон гуравдугаар цахилгаан станцыг 75, 50 мегабайтаар өргөтгөнө.

Үүнд 150 сая ам.доллар шаардагдана. Дулааны цахилгаан станц-2-ыг 250 мегабайтаар өргөхөд 250 сая ам.доллар шаардлагатай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байна. Тавантолгой  дээр барих цахилгаан станцыг 700 саяас нэг тэрбум ам.доллараар барих болов уу гэж тооцоолж байгаа.

-Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг барина гэж олон жил ярьж байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын ажлууд  хэзээнээс эхлэх вэ?

-Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцын ТЭЗ нь гаргаж дуусаагүй байна. 90 мегабайт байна гэж тооцож байгаа. Үүн дээрээ түшиглээд эдийн засгийн тооцоо судалгааг хийнэ. Эгийн голын усан цахилгаан станц барихад голд урсцын хувьд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Одоо биологийн судалгааг хийх ёстой. Энэ чиглэлээр төслийн нэгж нь ажиллаж байгаа. Өмнө нь их хэмжээний мөнгө зарцуулсан байна билээ. Энэ мөнгийг юунд зарцуулсан бэ гэдгийг шалгах шаардлагатай.