Эдийн засаг сайжирч, төр иргэнээ энэрэх бодлого явуулна

Эдийн засаг сайжирч, төр иргэнээ энэрэх бодлого явуулна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар

2017 оны сүүлээр дэлхийн эдийн засаг сэргэж, глобал худалдаа идэвхжиж байсан нь Зүүн Ази, Номхон далайн бүсийн хувьд сайн мэдээ болсон. Ялангуяа амьжиргааны түвшнийг дээшлүүлэх чиглэлээр улс орнууд шийдвэртэй арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн юм.

Энэ боломжит нөхцөл Монгол Улсын хувьд хүнд байсан эдийн засгаа сэргээж, цаашлаад бодлогын түвшинд нийгмийн хамгаалал, халамжийн шинэ шийдвэрүүдийг гаргах эхлэл болсон.

2016-2018 оны хооронд өнөөгийн парламент болон Засгийн газар эдийн засгийн бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн шийдвэрүүдийн талаар, мөн 2019 оны улсын нэгдсэн төсвийн тухай УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатартай ярилцлаа.

- Таны ажиллаж байгаа одоогийн парламент эдийн засгийн хүнд үеийг даван туулж байна. Гэсэн ч эдийн засаг сайжирч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байгаа зэрэг нь цагаа олсон, зөв бодлогын үр дүн гэж харагдаж байна. Тухайн үед УИХ-аас ямар шийдвэрүүд гарсныг танилцуулна уу?

2016 оны УИХ-ын сонгуулиар шинээр байгуулагдсан парламент улс орны өмнө тулгамдаад буй олон асуудлуудыг хүнд хэцүү гэлгүй авч хэлэлцэж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Тухайлбал, хяналт шалгалтын чиглэлээр Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийх, Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд шалгалт хийх, Эрдэнэтийн 49 хувийн асуудалтай холбоотой хяналт шалгалт хийх зэрэг ажлуудыг хийж, гарсан алдаа дутагдлыг холбогдох хууль хяналтын байгууллагуудад өгч, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хууль эрх зүйн орчныг нь бүрдүүллээ.

Мөн Олон Улсын Валютын Сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр, 7 төрлийн татварын хувь хэмжээг өөрчлөх, төсвийн тодотголоор төсвийг 0.04 функтээр сайжруулах, Төв банкны тухай, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиуд, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Төрийн мэдэлд авах УИХ-ын тогтоол зэрэг олон асуудлыг  хэлэлцэн шийдвэрлэлээ.

2018 оны төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг багасгасан, сахилга батыг сайжруулж, сургууль, цэцэрлэгийн хомсдолыг шийдэх, орон нутгийн хөгжилд анхаарсан олон асуудлыг анхааралдаа авч, хөрөнгө мөнгийг нь төсөвт суулгасан.

- Намрын чуулганаар 2019 оны Улсын нэгдсэн төсвөө батална. Мөн 2018 оны төсөвт тодотгол хийх ч магадлалтай. Нэгдсэн төсвийн сахилга батыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх чиглэлээр ямар ажил хийх вэ?

Төсвийн үргүй зардлыг бууруулах, төсвийн зарлагыг багасгах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ингэснээр өмнө нь төсвийн орлогоо буруу тооцоолж, баталсан хэмжээгээрээ зарлага гаргаж байсан бодлогын нийтлэг алдааг өөрчилж, орлогоо зөв тооцох, зарлагаа багасгах бодлого баримтлана.

Хөдөө орон нутагт хөрөнгө оруулалт бага байгаагаас ажлын байр хумигдаж, иргэдийн орлого багасч байгааг өөрчилж 2019 онд төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн царцанги байдлаас гаргаж, аж ахуйн нэгжүүд, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх бодлого баримтлана.

- Тэгвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг та ямар байна гэж дүгнэх вэ?

Эдийн засгийн хямралаас богино хугацаанд гарах, банк санхүүгийн салбарын хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдлийг багасгахад олон улсын болон бүс нутгийн байгууллагуудтай нягт хамтрах талаар МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгаж, энэ талаар тодорхой ажил зохион байгуулж ажилласны үр дүнд макро эдийн байдал тогтворжиж байна.

Макро эдийн засгийн үзүүлэлт нь 2016 онд дөнгөж 1,2 хувийн өсөлттэй байсан бол 2017 оны эхний 3 улирлын байдлаар эдийн засгийн өсөлт 5,8 хувьд хүрээд байгаа нь үүнийг харуулж байна.

- Хүүхдийн мөнгийг зорилтот хэсэгт олгож, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, өрх толгойлсон эцэг эх болон орлого багатай өрхүүдийг төрөөс дэмжих эрх зүйн орчныг боловсронгуй болгосон. Эдгээр хөтөлбөр, шийдвэрүүд эзэндээ хүрч чадаж байна уу?

Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байх үед нийгмийн халамжийн хэд хэдэн алхамаасаа ухарсан үе бий. Гэхдээ одоогийн парламент, Засгийн газрын зүгээс шуурхай арга хэмжээ авсны үр дүнд нийгмийн эмзэг, халамж шаардлагатай бүлгийнхэндээ дэмжлэг үзүүлэх боломж бүрдсэн. Ингэснээр  хүүхдийн мөнгөнд зориулж 2017 онд сая гаруй хүүхдэд 260 орчим тэрбум төгрөг олгосон.

2018 оноос эхлэн зорилтот бүлэг буюу нийт хүүхдийн 60 хувь болох 650 орчим мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгож эхлээд байна. 2019 онд хүүхдийн хамрах хүрээг өргөжүүлэх болон шаардлагатай, авах хүсэлтэй хэсэгт мөнгийг өгөх нт зүйтэй гэж үзэн хуулийн төсөл санаачлан, УИХ-ын чуулганаар хэлэлцээд явж байна.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар  бүр 50 мянган төгрөг, жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эхэд сар бүр 40 мянган төгрөг олгож эхэлсэн. 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр 240 мянган төгрөг олгох хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар  бүр 50 мянган төгрөг, жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эхэд сар бүр 40 мянган төгрөг олгож эхэлсэн. 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр 240 мянган төгрөг олгох хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна.

Аливаа төр эмзэг, зорилтот бүлэгтээ үзүүлэх халамжаа ямагт үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бодож явдаг. Үүнээс гадна "Боловсролын зээлийн сан" шинээр байгуулж, оюутан залуус сургалтын төлбөрөө зээлээр төлж, сургуулиа төгссөний дараа ажил эрхлэх явцдаа эргүүлэн төлөх боломж бүрдсэн.

Азай буурлууддаа “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчин бүрдүүлсэн. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулсан. 3 ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг 2 ээлжтэй болгосон гэх мэт олон шийдвэрүүд өнөөгийн Улсын Их Хурал, Засгийн газар гаргаад байна.

- Та Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын ажлын хэсгийн гишүүнээр ажилласан. Үүний үр дүнд 2 компанийн энгийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Миний хувьд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет ХХК-тай холбоотой УИХ-аас авах зарим арга хэмжээний тухай тогтоолын ажлын хэсэгт гишүүнээр ажилласан. УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол гараад бараг жил болж байсан. Өмнөх Засгийн газар харилцан суутгал хийх арга хэмжээг огт хийгээгүй. Гэвч энэ хооронд нь Улсын бүртгэл, оюуны өмчийн газар 100 хувь төрийн өмч гээд бүртгэчихсэн юм билээ.

Үүнтэй нь холбоотой гомдол явсаар байгаад Дээд шүүх дээр очсон. Дээд шүүх 49 хувийг нь “Монголын зэс” корпорацийн нэр дээр бүртгэх шийдвэр гаргасны дагуу бүртгэл хийгдсэн. Одоогийн гарч байгаа шийдвэрийн ялгаа нь Засгийн газар тооцоогоо хийгээд ОХУ-д төлсөн мөнгө, төсвөөс шууд болон тойруу замаар авсан мөнгө нь тэнцэж байгаа учраас харилцан суутгал хийгээд “Эрдэнэт”-ийг 100 хувь улсын өмч гэж бүртгэх шийдвэр гаргасан. Өмнө нь ийм шийдвэр гарч байгаагүй. Ялгаа нь үүндээ л байгаа юм. Одоо Засгийн газар, УИХ-ын шийдвэр хэрэгжинэ.

- Эрдэнэт үйлдвэрийн хувьцаанаас иргэддээ олгох уу?

Засгийн газрын хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийг Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу нээлттэй хувьцаат компани болгох, тодорхой хувийг нийт иргэдэд давуу эрхийн хувьцаа болгож эзэмшүүлэх талаар санал боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Олон улсын аудит орно, үнэлгээг хийнэ гэх мэт 10 гаруй ажил хийгдэнэ.

Эрдэнэт үйлдвэр нь өнгөрсөн онд хүлээгдэж буй гүйцэтгэлээр 219 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үйлдвэр жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэн экспортолдог юм. Иргэддээ хувьцаа олгож, энэхүү ашгаас хүртэх боломжийг  бий болгохоор ажиллаж байна.

- Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрт хэрхэн хүртээмжтэй байлгах вэ?

2018 оны  1 дүгээр сарын 10-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Таван толгойн ордыг дэд бүтцийн хамт иж бүрнээр нь ашиглалтад оруулах талаар хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах ажлын хэсэг Ерөнхий сайдын 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 104 дүгээр захирамжаар шинээр байгуулагдаж хэлэлцээр хийгдэж байна.

Ажлын хэсгийн хүрээнд ордыг иж бүрэн ашиглах ажлыг эрчимжүүлэх зорилгоор харьцуулсан судалгаа хийж,  санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УУХҮЯ-ны ТНБД-ын 2017 оны А/67 дугаар тушаалаар байгуулан Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК-ийн төлөөллийг оролцуулан, орд ашиглах харьцуулсан тооцоо судалгааг хийж ордыг иж бүрэн ашиглах боломжит хувилбарыг боловсруулаад байна. Харин Оюутолгойн далд уурхай бүтээн байгуулалт буюу төслийн 2 дахь шатны ажлыг эхлүүлсэн. Энэ мэт эх орныхоо баялгийн үр шимийг иргэд хүртэх боломж нээгдэж байгаа юм.

- Монгол Улсын иргэн бүр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшиж байгаа. Хувьцааг хэзээ амь оруулж, үнэ цэнэтэй болгон, ноогдол ашиг хүртэх вэ?

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны талаарх асуудлыг эдийн засгийн агуулгаар нь шийдвэрлэх тухай асуудлыг судалж, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн сайдын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 379 дүгээр тушаалаар Сангийн дэд сайдаар ахлуулан байгуулж ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаатай холбоотой болж ирсэн үйл явц, хувьцаатай холбоотой гарч байгаа хүндрэлүүд, хувьцааны бүртгэлийн байдал, хувьцааны төрлийг хэрхэн ойлгох, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үнэлгээ ямар болох асуудлуудыг хэлэлцэн нэгдсэн санал дүгнэлтийг гаргаад байна.

“Эрдэнэс тавантолгой ” ХК ч иргэдэд байгаа хувьцааг амь оруулах ажлыг эхлүүлээд байгаа. УИХ-ын зүгээс үүнтэй холбоотой эрх зүйн орчин бүрдүүлэх тал дээр дэмжиж ажиллаж байна.

- Чингис, Самурай гэх мэт бонд гаргаснаас болж Монгол Улсын иргэн бүр өртэй байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ өрийн төлөлт ямар  байгаа вэ?

Өнгөрсөн онд Засгийн газраас хүү багатай, урт хугацаатай Хуралдай, Гэрэгэ бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргасан. Ийнхүү 2017 оны 3 дугаар сард Евро бондын 580 сая, 2018 оны 1 дүгээр сард Чингис бондын 500 сая ам.долларын өрийг төлж барагдуулаад байна. Мөн Хятадын 2,0 тэрбум орчим ам.доллартай тэнцэх своп хэлцлийг өрийг 2017 оны 8 сард төлөх байсныг 2020 он болгож хойшлуулсан.

Ийнхүү Монгол Улс тулгамдсан гадаад өрөө цаг хугацаандаа барагдуулж, санхүүгийн сахилга батаа сайжруулж байгаатай уялдан зээлжих зэрэглэлийг тогтоодог олон улсын байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар ахиулж “Тогтвортой” гэсэн үнэлгээ өгсөн нь манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд өргөж байна.

- Ярилцсанд баярлалаа

Баярлалаа.

Ц.Соёлмаа

Зочин

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Л.Мөнхбаатар