А.Сүхбат 2018.10.24 | Vip76.mn

А.Сүхбат: Нийслэлийн хэмжээнд хэдэн тээврийн хэрэгсэл зорчиж байна вэ?

Өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний аудитын газраас 2018 онд “Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын талаар хэлэлцлээ.

“Цэвэр агаар сан”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг Гүйцэтгэлийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Л.Одгэрэл хийв. Үндэсний аудитын газраас Цэвэр агаарын сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийсэн ажлын үр дүн хэрхэн гарсныг шалгаж нийт 72 зөрчлийг илрүүлжээ. Шалгалт 6 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 30-ны хооронд шалгалт хийсэн бөгөөд нийт 72 зөрчил илрүүлжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Энэ өвөл агаарын бохирдолтой хийх алхмуудын үр дүнгийн талаар тооцоо судалгаа бий юу? Улаанбаатар хотоор явж байгаа дизель хөдөлгүүрт автобуснууд, ачааны машинууд, портер, жийпнүүдэд ямар арга хэмжээ авах юм бэ? Хоёр жилийн өмнө Японд хэрэглэгддэг лүбрикон гэх бүтээгдэхүүнийг ярьж байсан. Тэр хүмүүс автобус бааз дээр туршаад үр дүнтэй туршилт хийсэн. Японд үр дүнгээ өгөөд эхэлсэн зүйл дээр манай мэргэжлийн байгууллагууд хэрэглэхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Үүнийг ингээ хаях юм уу? Ингэж хориг саад тавих байсан юм бол яах гэж эхлүүлсэн юм бэ?

Ажлын хэсэг: Монгол улсын 2019 оны төсвийн төсөл хэлэлцэж байна. Төсвийн тухай хуулиар Нийслэлийн төсвийн төсөөллийг Сангийн яамаар хянуулаад, УИХ-д өргөн барьсан. Бид саналдаа 495.9 тэрбум төгрөгний нэн тэрүүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хүссэн санал хүргүүлсэн. Энэ саналууд хянагдаагүй. Одоо төсвийн төсөлд 289.1 тэрбум төгрөг Нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон. Нийслэлд хөрөнгө оруулалтаа өөрөө шийдвэрлэх боломж байхгүй.

2017 оны эцсийн үзлэгийн дүнгээр 345 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам хөдөлгөөнд оролцож байна. 440 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Хүний эрхэнд хууль бусаар халдах ёсгүй учраас хилээр орж байгаа машинуудыг шууд зохицуулах боломжгүй. Насжилттай холбоотой, агаарын зөвшөөрөгдөх хэмжээтэй холбоотой олон шалгуур үзүүлэлтүүдийг хийх хэрэгтэй байна.

Маш олон аж ахуйн нэгжүүдээс агаарын бохирдолтой тэмцэх саналууд ирдэг. Гэхдээ энэ бүтээгдэхүүнийг бүгдийг аваад, бүх машинд хэрэглэ гэсэн шийдвэр гаргах эрх бидэнд байхгүй байна.