Ц.Даваасүрэн: Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно
2018.10.25

Ц.Даваасүрэн: Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгээс Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Энэ  талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын хурал­даанаар Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг баталлаа. 2018-2023 оныг хүртэл үргэлжлэх хөтөлбөр юм. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарт олгосон тусгай зөвшөөрлүүдийг харахад хэтэрхий урсгалаараа явж ирсэн байна.

Эрчим хүчний салбарын систем технологийн онцлогт нь тохируулахгүй, найдвартай үйл ажиллагааг бодолцохгүйгээр шийдсэн зүйл их байгаа юм. Тухайл­бал, Улаанбаатарт “ДЦС-5” ТӨК-ийг  станц барина гэж ярина. Нөгөөтээгүүр, Багануурт цахилгаан станц барина гэх мэтээр явж ирсэн. Багануурт барьсан станц манай систем­ийн найдвартай ажиллагааг хангахгүй. Маш өндөр хүчин чадлын генератор барьсан байх жишээтэй. Урсгалаараа явж ирсэн байдлыг цэгцлэх үүднээс дунд хугацааны хөтөлбөрийг баталсан юм.

-Цаашид эрчим хүчний шинэ үүсвэрүүд барих уу. Эрчим хүчний хамааралгүй болно гэж хэлээд олон оныг үдлээ. Өнөө хэр нь үр дүн  муутай байна?

-Тийм ээ. Богино хугацаанд буюу 2021 он хүртэл тодорхой шинэ эх үүсвэрүүдийг барина. Өөрөөр хэлбэл, “ДЦС-3”  ТӨК-нд хоёр ажил хийнэ. 260 мВт-аар  өргөтгөнө. Мөн 75 мвт-аар хүчин чадлыг нь нэмнэ. “ДЦС-4” ТӨК-ийн 1-4 генераторт шинэчлэлт хийж, хүчин чадлыг 92 мВт-аар нэмэх юм. “Амгалан” ДЦС нь зөвхөн дулаан үйлдвэрлэдэг. Зундаа сул зогсолт хийдэг. Үүнийг 50 мВт-аар  эрчим хүч үйлдвэрлэдэг болгоно. Ингэснээр жилийн дөрвөн улиралд ашигтай ажилладаг станц болно гэсэн үг.

Бүх станцуудын шинэчлэл хийс­нээр 2021 он хүртэл манай эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хаана. Энэ станцууд­ын дэд бүтэц нь байгаа учраас шинэ станц барихын оронд богино хугацаанд хямд зардлаар 400-500 мВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх юм. Энэ жил 300 кВт-ын шугамыг Улаанбаатар, Мандалговь хоёрын хооронд барьж байгаа. Үүнийг барьснаар Оюутолгойг эрчим хүчээр хангах боломжтой болно. Эрчим хүчний нөөцөө 400-500 мВт-ын эх үүсвэрээр  Оюутолгойг эрчим хүчээр хангах эх үүсвэр бий болно. Ирэх оноос Оюутолгойг тодорхой эх үүсвэрээр хангаж эхэлнэ.

-Эрчим хүчний аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ. Өнгөрсөн сард тэг зогсолт хийсэн асуудал гарсан шүү дээ?

-ДЦС-ыг 200 мВт болгож өргөтгөх, 125-ын хоёр генератор тавих юм. Тухайлбал, нэг нь газын генератор. Газын генератор 3-5 минутын дотор эргэлтэд ороод халаалтаа өгнө. Энэ бол маш чухал. 100 мВт-ын хүчин чадалтай батарей  тавина. Түүнчлэн баруун бүст Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг үргэлжлүүлэх бол зүүн бүст Дорнодын станцыг 50 мВт-аар өргөтгөнө. Хөгжлийн банкны санхүүжилтээр хийх юм.

-Дэд бүтцийг шинэчлэх ажилд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай. Санхүүжилтээ хаанаас шийдэх вэ. Санхүүжилт, хөрөнгө оруулалтгүйгээс болж, ажил гацдаг, зогсдог. Ийм зүйл давтагдах вий дээ болгоомжлол байна?

-Олон эх үүсвэр бий. Ихэвчлэн гадаад болон хөнгөлөлттэй зээл. Концесс­ын гэрээгээр нэг төсөл байгаа. Тэр нь Багануурын цахилгаан станц. ОХУ-ын 400-500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “ДСЦ-3”, “ДСЦ-4” ТӨК-ийг өргөтгөнө. Мөн “Амгалан” болон Гуравдугаар цахилгаан станцыг 75, 50 мВт-аар өргөтгөнө. Үүнд 150 сая ам.доллар шаардлагатай. “ДЦС-2” ТӨК-ийг  250 мВт-аар өргөтгөхөд 250 сая ам.доллар шаардлагатай. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байна. Тавантолгойд барих цахилгаан станцыг 700 саяас нэг тэрбум ам.доллароор  барих байх гэсэн тооцоо бий.

-“Эрдэнэбүрэн”, “Эгийн гол”-ын усан цахилгаан станцыг барина гэж олон жил ярьж байна. Ажил нь хэзээнээс эхлэх вэ?

-“Эрдэнэбүрэн”-гийн усан цахилгаан станцын ТЭЗҮ нь дуусаагүй. 90 мВт-ын хүчин чадалтай байна гэж тооцсон. Харин “Эгийн гол”-ын усан цахилгаан станц барихад голын урсацад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. Биологийн судалгааг хийх ёстой. Энэ чиглэлээр төслийн нэгж нь ажиллаж байна.

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)