Ундраа.А Н.Цэрэнбат 2018.10.26 | Vip76.mn

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөлд хамтран ажиллана

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөлд хамтран ажиллана

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг хэлэлцлээ.

Энэ талаар Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулга хийсэн юм.

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Засгийн газартай байгуулсан санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь төсөл”-ийн I шатыг 2015 оноос 2020 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байгаа. Төслийн эхний шатанд Тусгай хамгаалалттай гакар нутгийн байгаль хамгаалагчдыг өвөл, зуны дүрэмт хувцас, судалгааны багаж хэрэгслээр хангах, дээрх газруудыг өндөр хурдны шилэн кабелийн интернетийн сүлжээнд холбох, гал түймрийн багаж хэрэгслээр тоноглогдсон бага оврын ачааны автомашин нийлүүлэх, ой, бэлчээр, биологийн олон янз байдал, нийгэм эдийн засгийн суурь судалгааны ажлууд, менежментийн болон аялал жуулчлалын, орчны бүсийн төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлууд гүйцэтгэжээ. Мөн Тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын захиргаанд бартаат замын 16 машин, бартаат замын 64 мотоцикл нийлүүлж, хээрийн судалгааны багаж хэрэгсэл, гал түймрийн тоног төхөөрөмжөөр хангасан байна.

Иймээс Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлж буй энэхүү бодлогыг дэмжих зорилгоор төслийн 2 дугаар үе шатыг ХБНГУ-ын Засгийн газрын 19.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар хэрэгжүүлэхээр 2016 оны Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээгээр тохиролцжээ. Төслийн 2 дугаар шатанд одоо хэрэгжүүлж буй 11 тусгай хамгаалалттай газрын захиргаад дээр Монгол орны баруун болон баруун өмнөд бүс нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг нэмж хамруулан төслийн дэмжлэг үзүүлэх юм байна.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 10 сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцжээ. Байнгын хорооны гишүүд хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа асуулт асуусан. Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь соёрхон батлах нь зөв гэж үзлээ.