С.Чинзориг 2018.10.26 | Vip76.mn

Польш улсад ажиллаж, амьдарч буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг бүрдүүлэхээр боллоо

Польш улсад ажиллаж, амьдарч буй иргэд тэтгэвэр, тэтгэмж авах боломжийг бүрдүүлэхээр боллоо

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг ХНХ-ын сайд С.Чинзориг танилцуулав. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын судалгаанаас үзэхэд Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-д нийтдээ 939 монгол иргэний байгааагаас 200 иргэн нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлдэг бол 149  нь суралцдаг байна.

Одоогоор тус улсад байгаа манай иргэд оршин суух хугацаандаа богино хугацааны даатгалд хамрагдаж, зөвхөн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой тэтгэмжийг тус улсын хуулийн дагуу авдаг. Харин урт хугацааны даатгал буюу тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедзэ буцаан авах эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох хууль эрх зүйн боломжгүй байдаг аж.

Иймээс БНПУ-д амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлт, хоёр улсын Ерөнхийлөгч нарын хийсэн албан ёсны айлчлалын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар тохиролцсоны дагуу хэлэлцээрийн төслийн эхний шатны хэлэлцээг 2015 оны 5 дугаар сард Варшав хотноо, хоёрдугаар шатны хэлэлцээг 2016 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо тус тус хийж, төслийг эцэслэн тохиролцож, тус тусын хууль тогтоомжийн дагуу баталгаажуулахаар тогтжээ.

Хуулийн төслийг АБГББХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Батболд танилцууллаа. 

Тус байнгын хоро 2018 оны 10 сарын 10-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг хэлэлцжээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Оюундарь, Д.Дамба-Очир нар асуулт асууж, хариулт авлаа. Хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжлээ.