А.Ундраа 2018.10.26 | Vip76.mn

А.Ундраа: Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор иргэдийг мэдлэгжүүлэх хэрэгтэй байна

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ундраа Байгаль орчин, аялал жуулчлалын  сайдаас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

“Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөх эрсдэлтэй улсын тоонд ордог. Дэлхий нийтээрээ байгалийн гамшигт үзэгдэлийн давтамж, тоо хэмжээ нэмэгдэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цаашлаад ургамал, ан амьтан, МАА гээд олон зүйл бий. Ан амьтнаа хамгаалах, энэ дотор ирвэс мазаалай хамгаалах чиглэлээр ямар арга хэмжээ авч байгаа вэ? Мөн хүний хүчин зүйлээс үүдэлтэй байгалийн тэнцвэр алдагдах тохиолдол их байна. Тиймээс бага наснаас нь иргэдийг мэдлэгжүүлж, хандлагыг өөрчлөх чиглэлд юу хийж байна вэ? Тухайн орон нутаг тус бүрт хэрэгжүүлж байгаа төслийг танилцуулна уу?”

Түүний асуултанд Байгаль орчин аялал жуучлалын сайд хариуллаа.

Байгаль орчин аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат:

“Тухайн орон нутгийн ард иргэдтэй төрийн байгууллага болон төслүүдийн нэгж хамтран ажиллах нь маш чухал байгаа. Мазаалай хамгаалах тэл дээр ХБНГУ-аас Монгол Улсын засгийн газартай хамтран 3-5 жилийн хугацаатай буцалтгүй тусламжаар хамтарсан судалгааны ажил хийх хүсэлт ирсэн байгаа. Тусгай хамгаалалтын 13 захиргаад дээр судалгааны ажил хийгдэнэ. Мөн хээрийн судалгааны багаж тоног төхөөрөмжийг тусгай хамгаалалтын захиргаанд өгөх, энэ бүсүүдийн суурь судалгааг хамтран хийх юм.“