С.Бямбацогт 2018.10.26

С.Бямбацогт: Амжилтгүй хэрэгжиж байгаа төслүүд олон байна

Өнөөдөр /2018.10.26/ УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын тавьсан “Монгол Улсын хэмжээнд одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн төслийн нэгж байгаа, түүнд нийт хичнээн хүн ажиллаж байгаа, Тэдгээрийг төсвөөс болох гадаадын зээл тусламжын шугамаар хичнээн төгрөгөөр санхүүжүүлж байгаа, төслүүдийн үр дүн, зардлаа нөхөх хугацаа зэргийг мэдээлэл өгнө үү” хэмээн тавьсан асуулгыг сонсолоо. Асуулгын хариуг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Асуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Нийт үйл ажиллагаа явуулж байгаа төслүүд амжилттай хэрэгжиж байгаа нь ч бий, амжилтгүй, үр ашиггүй нь ч бий. Мөн сүүлийн үед улсын төсвийн хөрөнгөөр яамдуудад олон төслийн нэгж байгуулагдаж байгаа. Төслийн нэгж байгуулагдсан хэрнээ ажил хийдэггүй. Жишээ нь, Эгийн голын төслийн нэгж байна. Дээд боловсролын төсөл амжилттай хэрэгжиж байна л гэж байна. Тэгээд яагаад дээд боловсролд ахиц гарахгүй байгаа юм бэ? гэх мэт төслүүдийн үр дүн, өгөөж байхгүй байна. Мөн Японоос 80 сая долларын хөнгөлөттэй зээлээр экспортыг дэмжих чиглэлээр 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг гаргана гэсэн. Гэтэл өнөөдөр гаргаж байгаа юу байна вэ?”

Түүний асуултанд Сангийн сайд хариуллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

“Анх гоё гоё үр дүн ярьж батлагдаад байгуулагддаг хэрнээ үр дүн гаргахгүй байгаа нь үнэн. Хэрэгтэй хэрэггүй олон төслүүдээс үнэндээ одоо залхаж байна. Зардал өндөртэй. Харин хувийн хэвшил хийчиж болох ажлыг төсөл гэхгүйгээр гүйцэтгүүлдэг болмоор байна. Үр ашигтай төслийг нь ялган авч үлдээд цэгцлэх хэрэгтэй гэдэгтэй санал нийлж байна. Мөн хөрөнгө оруулагч талаас эх үүсвэр зогссон учраас төсөл зогссон ч юм байна. Ер нь зээл авч төсөл хэрэгжүүлэхээс илүү өөрсдөө хийж чадахаа өөрсдөө хөрөнгөө гаргаад явах нь зүйтэй юм.”