Л.Болд 2018.10.29 | Зууны мэдээ сонин

Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн замаар төрийн эргэлтэд бэлдэж байна

Л.Болд: Үндсэн хуулийн өөрчлөлтийн замаар төрийн эргэлтэд бэлдэж байна
УИХ-ын гишүүн Л.Болд
Сэтгүүлч С.Саруул
УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.
–Үндсэн хуулийн асуудал нэлээн яригдах боллоо. УИХ-ын чуулганд Ерөнхийлөгч үндсээр нь өөрчлөх ёстой гэж хэлсэн. Үндсэн хуулийг өөрчлөх цаг хугацаа болсон уу?
-Тогтолцооны өөрчлөлтүүдийг хийх асуудлыг ярих цаг болсон байж магадгүй. Үндсэн хууль бол бүх ард түмнээрээ хэлэлцэж, зөвшилцөж, ойлголцож гаргадаг болохоос тодорхой ирц, тоотой парламентын гишүүдийн баталдаг хууль биш л дээ. Хүн бүр сэтгэл зүрхээрээ хүлээн зөвшөөрч, бүхэл бүтэн хувьсгал гарч байж, бүхэл бүтэн тусгаар тогтнолын үйл явц өрнөж байж өөрчлөгддөг зүйл юм.
Үндсэн хуулийг батлахад бүх сумаас анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон 430 депутат 70 гаруй хоног өдөр шөнөгүй хэлэлцэж хуралдаж байж гаргасан. Нийт ард түмнээрээ хэлэлцсэн гэсэн үг. Тэр үед манай улсын хүн ам хоёр сая байсан бол Үндсэн хууль батлахад  сая гаруй иргэн оролцсон. Тийм учраас энэ бол ард түмний бүтээл юм. Маш сайн ярилцаж байж бүх эргэлзээгээ тайлаад 430 депутатын нэгээс бусад нь бүгд гарын үсгээ зурж баталгаажуулж байсан юм. Ийм л хуулийн тухай яриад байгаа юм.
Нэг удаа өөрчилсөн л дөө. 2000 онд нэг намын парламент бүрэлдэхэд, за одоо бидэнд Үндсэн хууль өөрчлөх эрх байна гээд л дайрсан. Ямар ч ард түмний хэлэлцүүлэггүйгээр нийгмийн тогтолцоог өөрчлөх гэж Үндсэн хууль руу дайрсан тэр дайралтыг өнөөдөр бид дордуулсан долоон өөрчлөлт гэж ярьдаг. Харин ч түүнийгээ буцаан татаж авах ёстой. Монголын төр, парламент ард түмнийхээ өмнө тийм том өртэй үлдчихээд одоо дахиад алдаагаа засаагүй хэрнээ дайраад байдаг.
1992 онд Үндсэн хуулийг яаж баталж байсан юм, яг түүн шигээ бүх ард түмнээрээ хэлэлцэж, улс орон даяараа хөдлөж, төрийн тэргүүн нь удирдсан ажлын хэсэг ажиллуулж байж л өөрчлөх хэрэгтэй.
Одоо дордуулсан долоо шигээ тохиолдлын эсрэг хүн авчирсан одоо саналыг нь оруулна гээд зүтгээд байж болохгүй. Ард түмний эсрэг л юм хийх гээд байна. Ард түмэн сонгуулиар дүн тавьсан, түүнийг нь л эсэргүүцэх гээд байгаа юм.
2016 онд Ардын нам ялсан. Тэгэнгүүт 2017 онд Ерөнхийлөгчийг авна, тийм учраас Ерөнхийлөгчийн засаглалтай болно гээд анхны төслөө хийсэн байдаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдчихаад, за одоо баларлаа одоо энэ Ерөнхийлөгчийн эрхийг хумиад парламентын засаглал нэр дор бүх эрх мэдлээ өөрсөд рүүгээ төвлөрүүлэхгүй бол цаашдаа бид ялагдах юм байна гээд нөгөө Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө дахиад эсрэгээр нь зассан.
–Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн нэгт, Монгол Улсын газар түүний хэвлий ой ус амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтад байна гэж заасан байна. Гэтэл ард түмэн мэдээд байгаа юм алга л даа. Төр хамгаалж байгаа нэрээр ард түмнээсээ тасдаад авчихсан юм биш үү?
-Үндсэн хуулийг ардчилсан хувьсгалын үр дүнгээр баталсан болохоор үзэн ядаж байгаа хүчин байгаа шүү дээ. Тэр хүчин ялж гарч ирэхээрээ Үндсэн хууль руу дайраад байгаа юм. Нэг ч удаа Үндсэн хуульдаа түшиглэж хууль гаргаагүй, дандаа намдаа, бүлэглэлдээ, өөртөө хэрэгтэй явцуу эрх ашгаа бодож хуулиа гаргасан. Үндсэн хуулийн сая таны уншдаг заалтыг хэзээ ч хуулиар өөрчилж болохгүй. Энэ заалттай зөрчилдөж байгаа бүх хууль хүчингүй болох ёстой. Гэтэл Цэц дээрээ өгдөггүй, очдоггүй шийддэггүй, Монголын ард түмэн өмчөөсөө салчихаад сууж байна.
Хэрвээ Үндсэн хуулиа дагавал зовлон байхгүй байгаа биз. Энэ бүх баялаг чинь ард түмний өмч. Ард түмний өмч гэхээр шууд ард түмэн хувьцаа эзэмшээд үр ашгийг нь хүртээд явна. Ард түмний нэрийг бариад захиран зарцуулж гадна дотногүй панз үсэргээд байгаа гишүүд, төрийн албан хаагчид биш ард түмэн хэнтэй ч хуваалцахгүй эрх мэдлийг дундаа зувчуулаад байна. Төрийн үүрэг бол ерөөсөө хамгаалалтад аваад хулгайг зогсоо, буруутныг шийтгэ, ард түмэндээ энэ эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг нь олго.
Дэндүү ард түмнээ басамжилсан байдлаар хандаж байна. 1072 хувьцаа тараасан болоод л, хишиг гэж хэд хэдэн цаас тараасан болдоод, ахмадуудаа баярлуулан гомдоогоод л, оюутнуудтайгаа янз бүрээр харьцаад л. Ер нь Үндсэн хуулиа биш Үндсэн хуулийг зөрчсөн хуулийнхаа тогтолцоог л өөрчлөх хэрэгтэй байгаа юм.
Одоо эдний хүсээд байгаа өөрчлөлтийг хийлгүүлвэл саяын уншсан заалтууд чинь бүр байхгүй болно. Ард түмэн өмчөө мэддэг, төрөө мэддэг бүрдүүлдэг, ардчилал, хүний эрх гээд энэ бүх юм байхгүй болно.
Үндсэн хуулийн наана нэг сайхан сайхан юм яриад байна аа даа. Давхар дээлийг болиулна гээд л. Үүний цаана хөвөн дотор боосон чулуу нь Ерөнхийлөгчийг ямар ч эрх мэдэлгүй болгоод ард түмэн нэг бэлгэ тэмдэг сонгодог болгох. Тогтолцоо гэдэг утгаараа намд санал өгдөг. Нам гэж хуйвалдаад л хүнээ жагсаагаад л бид бол төр гээд бүх эрх мэдлийг авах.
Дахиж 2020 оноос цааш Монголд ямар нэгэн ардчилсан сонгууль болохгүй, Үндсэн хуулийн өөрчлөлтийн замаар төрийн эргэлт бэлтгэгдэж байна.
Ганц намд ч халдааж болохгүй, нам дамжсан том захиалгатай, магадгүй гадна дотны оролцоо ч байхыг үгүйсгэхгүй. Ийм айхтар төрийн эсрэг хуйвалдаан явж байна. 1990 оны хувьсгалыг үгүйсгэж дахиж дарангуйлагч нийгэм тогтоох Үндсэн хуулийн өөрчдлөлт нэртэй төрийн эргэлт явж байна л гэж ойлгох хэрэгтэй. 
–Одоо ингэж ярьж байна гэдэг чинь 2020 оны сонгуулиас өмнө хийе гэсэн шийдэлд хүрчихээд байгаа юм биш үү?
-Тийм. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө энэ өөрчлөлтөө хийх гэж оролдсон. Ерөнхийлөгчийн засаглал руу оруулах гэж байснаа Ардчилсан намаас Ерөнхийлөгч гарчихаар 180 хэм эргээд одоо хүчтэй Ерөнхий сайд гэж яриад намын дарга руугаа л хамаг эрх мэдлийг авах гэж байгаа. Пропорциональ сонгуулиар зөвхөн нам л сонгогддог, сонгууль гэдэг чинь ерөөсөө байхгүй болчихно. Амьгүй юманд хүн очиж санал өгдөггүй байхгүй юу, өгсөн ч хэн ч хянахгүй, зохиогоод л биччихнэ.
1990 оноос өмнөх үе рүүгээ л буцааж аваачих гэж байна. Нэр хамаагүй Ерөнхийлөгчийн засаглалтай л байсан шүү дээ. Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, АИХ-ын тэргүүлэгчдийн дарга гээд янз бүрийн нэртэй. Хэн нэгдүгээр хүн байсан, тэр хүн бүх эрх мэдлийг Ерөнхийлөгчийн засаглал шиг гартаа атгаж байсан. Өнөөдөр наанаа Ерөнхийлөгчийн засаглалыг эсэргүүцэж байгаа парламент нэртэй ч нэг ёсондоо Ерөнхий сайд гэдэг нэртэй Ерөнхийлөгчийн засаглалыг л тогтоох гэж байна. Нэг намын дарангуйлал руу аваачих үр дүнг л бэлдээд байна.
–Ойрын үед төсөв хэлэлцэж байна. Төсөв дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Ямар нэгэн цөөнхгүй ажиллах, цөөнхийн дуу хоолойг бүрэн хаах бүх арга хэмжээг авсан юм байна. Би Төрийн байгуулалтын байнгын хороонд байдаггүй л дээ. Тэр байнгын хороогоор дамжуулаад Их хурлын дэгийн хуулиудыг өөрчилсөн байна. Одоо гишүүдийн үгээ хэлэх, байр сууриа илэрхийлэх эрх хаагдчихаж. Одоо Үндсэн хуулиа өөрчилчихвөл үндсэндээ дарангуйллын тогтолцоо руу ороход бэлэн болжээ. Энэ төсвийн хууль угаасаа өөрөө хууль зөрчиж байна. Төсвийг үнэн зөв хийхийн тулд Үндсэн хуулиар Үндсэн чиглэл баталдаг байхгүй юу.
Тэнд орсон заалтуудаа тоонд шилжүүлэх нь л тухайн жилийн төсөв байхгүй юу. Гэтэл Үндсэн чиглэл дээрээ хар дээр цагаанаар бичээд заачихсан заалтуудаа төсвийн хуулиндаа огт өөрөөр оруулж байна. Тэгээд саналаа хэлэхээр дэгийн тухай хууль өөрчлөгдсөн, та нарын саналыг авахгүй гээд түлхчихэж байгаа юм. Улс нийгэмд тулгамдсан, ард түмний хүсч байгаа саналуудыг хүлээж авахгүй байна. Тийм болохоор энэ Үндсэн хууль зөрчсөн төсвийн төслийг би Үндсэн хуулийн Цэцэд өгөх болно. 
-2020 оны төсөв дээр тухайн оны зун сонгууль болно. Тэнд төсөвлөгдсөн мөнгийг эрх баригч нам зарцуулж амжихгүйгээр сонгууль болох тул 2019 онд хамаг мөнгөө цацъя, тойргоо услая гэж төсөв батлаад байна гэсэн шүүмжлэл явж байна?
-Өмнөх 20 жилийн парламентын түүхэнд гишүүдийн тойрогтоо зарцуулахаар авч байсан бүх мөнгөтэй энэ удаагийн мөнгө тэнцэж, бүр илүү гарч байна. Гэхдээ бүх гишүүдийнх ч биш. Эрх баригч намын нөлөө бүхий гишүүдийн тойрогтоо зарцуулах мөнгө түүхэнд байхгүй төсөв болж байна.
–Төсвийн асуудлыг Цэцэд өгөхөд Цэцийн шийдвэрийг парламент өөрөө хүлээж авах болов уу?
-Цэц эхлээд яаж шийдэх нь вэ харж байя. Цэцийн зүгээс сая 42 дугаар тойрог дээр маш гутамшигтай шийдвэр гаргалаа. Үндсэн хуульд парламент 76 гишүүнтэй байна гэж байгаа. Нөхөн сонгууль зарлагдаад л чуулган эхлэхэд 76 гишүүн сууж байх ёстой шүү дээ. Энэ чинь л Үндсэн хуулийн бас нэг том шаардлага. Тэгэхэд захиалгаар, шахалтаар, дарамтаар юугаар байдаг юм, ямар шалтгаан нь мэдэгдэхгүй дахиж энэ тойрог дээр сонгууль зарлалгүй 75 гишүүнтэй Үндсэн хуулиа зөрчсөн Их хурал болчихлоо л доо. Бололцоо нь байсаар байтал зөрчиж байна. Одоо ирэх жилд 42 дугаар тойргийн зардал суухгүй.
Хамгийн аймшигтай нь дараагийн сонгуулийг пропорционалиар хийх гээд байгаа нь юугаар нотлогдож байна гэхээр өмнөх сонгуулиар том будлиан боллоо шд. Миний тойрог дээр л гэхэд би бүх судалгаагаар 70 хувийн рейтингтэй гарч байсан. Яг санал хураахад сонгогчдын 30 хувьтай нь тэнцэх хэмжээний хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй шинэ сонгогчид гарч ирээд саналаа өгч байна. Хэрвээ би бусад өрсөлдөгчидтэйгөө ойрхон рейтингтэй байсан бол аль хэдийнэ бусад манай намын 50, 60 нэр дэвшигчидтэй адилхан сонгуульд уначихсан л байх байсан. Ийм юм хийсэн. Гэтэл одоо тэр бүх хурууны хээ уншуулдаг програм, бүртгэлийн төхөөрөмжүүдийг устгасан байна шд. Ул мөрөө баллаж байгаа биз. Хэзээ нэгэн цагт босож ирнэ л дээ. Гэмт хэрэг биз дээ. Төрийн эрхийг хууль бусаар авах том гэмт хэрэг байхгүй юу. Дараагийн сонгууль дээр ч энэ байдлаа давтана. Үүнийг би анхааруулж хэлээд л байгаа.