Ё.Баатарбилэг 2018.10.29 | Монголын мэдээ сонин

Ё.Баатарбилэг: “Ийм олон тэмцээнд тамирчид явуулах шаардлагагүй” гэж хэлээд төсвийг нь хассан байна лээ

Ё.Баатарбилэг: “Ийм олон тэмцээнд тамирчид явуулах шаардлагагүй” гэж хэлээд төсвийг нь хассан байна лээ

Сэтгүүлч Н.ПУНЦАГБОЛД

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Ирэх оны төсөвт биеийн тамир, спорттой холбоотой зардлыг багаар тооцож суулгажээ. БТСГ-ын зүгээс өгсөн хүсэлтийг хэтэрхий бууруулсан талаар та чуулганы хуралдааны үеэр ярьж байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-2019 он спортын салбарынхны хувьд нэлээд чухал жил. Яагаад гэвэл олимпын өмнөх жил шүү дээ. Улсын шигшээ багийн тамирчид гадаад улсууд руу явж, олимпын эрх авах, оноо цуглуулах маш олон тэмцээн, уралдаанд оролцох ёстой байдаг. БТСГ-аас Байнгын хороонд ирүүлсэн хүсэлтдээ 25 орчим тэрбум төгрөг шаардлагатай гэсэн. Гэтэл төсвийн төсөлд энэ мөнгөний тал хувийг буюу 11-12 тэрбум төгрөгийг л тусгаж өгсөн байна билээ.

Одоо тэр хэвээрээ л байгаа. Энэ асуудлыг би чуулганы хуралдааны үеэр ярьж, хөндлөө. 11-12 тэрбум төгрөгийн талаас илүү хувь нь БТСГ-ын ажилчдын цалин, урсгал зардал, дотоодын спортын талаар авах арга хэмжээний зардалд явчихна. Тийм болохоор шигшээ багийн 300 гаруй тамирчныг ямар мөнгөөр гадаадын тэмцээн, уралдаанд оролцуулах вэ гэдэг асуудал спортын холбоодынхны санааг зовоож байна. Засгийн газартаа БСШУС-ын сайд нь тодорхой байр суурь илэрхийлсэн юм уу, мэдэхгүй байна. Өөрөөс нь асуух хэрэгтэй болов уу. 2020 оны Токиогийн олимпын наадамд хэр олон тамирчин оролцох вэ.

Хэчнээн медаль авах уу гэдэг нь 2019 онд шийдэгдэх учиртай юм. Тийм чухал жил учраас хариуцлагатай хандах ёстой байсан. Хоёрдугаарт, Биеийн тамир, спортын тухай хууль хэрэгжиж эхэлнэ, ирэх оны нэгдүгээр сараас. Монгол Улсын бүх суманд биеийн тамирын арга­зүйч ажиллах ёстой, хуулийнхаа дагуу. Энэ орон тоог оруулж ирсэнгүй. Орон тоо байхгүй учраас цалин гэж төсөвт тусгаагүй. Энэ талаар Сангийн сайдаас чуулганы хуралдааны үеэр тодруулж асуулаа. ОУВС-гийн хөтөлбөрт орсон учраас төсвөөс цалинждаг хүмүүсийн орон тоог нэмэх боломжгүй байсан гэдэг тайлбар хэлж байна билээ. Хуулийг олон улсын төсөл, хөтөлбөрийн шугамаар хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэсэн. Манай байнгын хорооны зүгээс энэ хуулийг хэрэгжилтийг хангахыг сануулж, шахаж ажиллах болно.

-Шигшээ багийн тамирчдын цалин үнэхээр бага байдаг. Ирэх оны төсөвт тамирчдын цалинг нэмэгдүүлэхээр мөнгө суулгаж өгсөн үү?

-Паралимпын тамирчид, улсын шигшээ багийнхны цалин хөлс хэтэрхий бага байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Сард 280-340 мянган төгрөг л авдаг. нэг сард 100 ам.долларын цалин өгчихөөд амжилт гарга гэж нэхдэг. Заримдаа тэмцээнд яваад, санасан хэмжээнд хүртэл сайн оролцож чадахгүй бол нийгмээрээ шүүмжилж, олон нийтийн сүлжээгээр янз бүрээр хэлэх тохиолдол гарч байгаа. Тамирчдын амжилт гэдэг өгсөж, уруудаж л байдаг. Хоёрдугаарт, төрөөс цалин хөлсийг нь сайн өгч, нийгмийн асуудлыг нь бүрэн шийдэж чадахгүй байгаа шүү дээ.

Ялангуяа паралимпын тамирчид бусад эрүүл тамирчид шиг компани, аж ахуйн нэгжээр ивээн тэтгүүлж, миний нэрийн өмнөөс нь тэмцээнд орж, нэмэлт цалин, тэтгэмж авч чаддаггүй. Шигшээ багийн тамирчныхаа цалинг аваад явж байгаа учраас харж үзэх шаардлагатай байна. Ерөнхий сүлжээгээрээ төрийн үйлчилгээний салбарын ажилчдын цалин тодорхой хувиар нэмэгдсэн.

Гэхдээ спортынхны цалин төдийлөн сайн нэмэгдэж чадаагүй. Соёл урлагийнхны цалин 30 хүртэлх хувиар буюу нэлээд сайн нэмэгдсэн. Спортынхны цалинг ирэх жилээс нэмүүлэх шаардлагатай байна. Төсөв нэгэнт боогдоод ороод ирсэн учраас хүндрэлтэй байгаа. Ямар ч байсан 2019 онд цалинг нь нэмүүлэх асуудлыг бид ярина. Ирэх оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс төрийн албан хаагчдын цалин дахин нэмэгдэнэ. Тэр үед бага зэрэг нэмэгдэх байх. Гэхдээ спортынхны цалин нэмэгдээд ч хангалттай биш. Тиймээс ирэх жил спортын салбарынхны цалинг нэмүүлэхийн төлөө анхаарч ажиллах шаардлагатай байгаа юм.

-Төсөвт шигшээ багийнхны гадаад руу эрх олгох тэмцээнд явах зардлыг нэмж тусгах боломж байгаа юм уу?

-Нэмж тусгах боломжгүй. Төсвийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг явчихлаа. Гуравдугаар хэлэлцүүлгээр зарчмын шинжтэй зүйл л ярих болохоос нэмж, хасч хөдөлгөх боломж байхгүй. Энэ төсвөөрөө явж байгаад ирэх жил тодотгох шаардлагатай болж магадгүй юм. Тэгвэл мөнгө нэмж суулгах боломжтой гэж найдаж байна.

Төсөв тодотгохгүй бол Засгийн газар энэ асуудлыг авч хэлэлцэх байх. Олимпын өмнөх жил учраас Засгийн газар нөөц хөрөнгөнөөсөө гаргах талаар УИХ-д санал тавьж, шийдвэрлэх болов уу. Ер нь ямар боломжууд байдаг вэ гэдгийг бүгдийг нь хэлж мэдэхгүй байна. Ерөнхий сайдаас эхлээд салбарын сайд нь энэ асуудлыг анхааралдаа авч ах биз.

-БТСГ-аас ирэх онд шаардлагатай байгаа зардлаа тооцоод өгөхөд Сангийн яамнаас “Үндэслэл муутай байна” гэдэг шалтгаанаар хассан гэж та чуулганы хуралдааны үеэр хэлж байсан. Яг тэгсэн юм уу?

-Салбар яам, БТСГ, агентлагаас нь 25-26 тэрбум төгрөгийн зардал шаардлагатай гэсэн хүсэлт өгөхөд хассан юм билээ. Хасахдаа “Ийм олон тэмцээн, уралдаанд тийм олон тамирчин явуулах хэрэг байгаа юм уу” гэж ярьсан гэсэн. БТСГ-ын дарга өөрөө спортын хүн. Тийм болохоор тамирчдаа аль болох дэмжиж, олон уралдаан, тэмцээнд оруулах­ын төлөө төсвөө хамгаалаад алба­ны хүмүүстэй уулзаж байхад тийм утга­тай зүйлийг албан тушаалтнууд ярьсан байна лээ.

Энэ маш буруу. Боломж байвал олон төрөлд олон тамирчин явах ёстой. Олимпын наадмаас медаль авах магадлалтай төрлүүд гэж бий. Медаль авах магадлал багатай ч гэсэн оролцоод, улс эх орны нэрийг гаргаад явдаг төрлүүдээ ч дэмжих ёстой. Аль болох олон төрлөөр л олимпын наадамд оролцдог болох ёстой улс л юм чинь.