2018.10.29

Казахстанд ял эдэлж байгаа иргэдээ шилжүүлэн авах боломжтой боллоо

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”- г соёрхон батлах тухай хуулийн төслийг 2018.10.26-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Монгол Улс Бүгд Найрамдах Казахстан Улстай “Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай” гэрээнүүдийг 1993 онд байгуулсан байна.

Дээрх бодлогын хүрээнд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ” байгуулах тухай Казахстаны талын саналыг Монголын тал дэмжиж, хоёр талын холбогдох байгууллагууд шийдвэрлэснээр 2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотод гарын үсэг зуржээ.

Бүгд Найрамдах Казахстан улсад амьдардаг гадаадынхнаас хамгийн их гэмт хэрэг үйлддэг хүмүүсийн тоонд монголчуудыг нэрлэжээ. 2014 онд Казахстан дахь гадаадын иргэд 39  гэмт хэрэг үйлдсэний ихэнхийг Орос, Монгол, Узбекистаны иргэд үйлдсэн байна.

Ялтан шилжүүлэх асуудлын хүрээнд 2014 онд Монгол Улсын 2 иргэнийг, 2016 онд 1 иргэнийг дипломат шугамаар шилжүүлэн авсан байна. 2018 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсын 6 иргэн Казахстанд ял эдэлж байгаа бөгөөд тэдгээрээс 1 иргэн эх орондоо шилжих хүсэлт гаргаад байгаа юм.

Бүгд Найрамдах Казахстан Улс нь өнөөдрийг хүртэл цаазын ялыг ашиглаж байгаа бөгөөд хоёр улсын хооронд байгуулагдаж байгаа ялтан шилжүүлэх гэрээний 5-р зүйлд хүсэлт хүлээн авагч улс ялтанг шилжүүлэхгүй байх 3 үндэслэлийг зааснаас бусад тохиолдолд шилжүүлэн өгөх юм байна. Өөрөөр хэлбэл Казахстан улсын тал өөрийн үзэмжээр ялтан шилжүүлэх эсэхийг шийднэ гэсэн үг.

“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Л.Болд цаазын ялтай холбоотой асуулт асуухдаа 2006 онд Малайзид амиа алдсан Ш.Алтантуяагийн тухай сануулсан юм.

УИХ-ын гишүүн Л.Болд

“Ялтан шилжүүлэхтэй холбоотой 2 улсын гэрээнд цаазын ялтай холбоотой хориглох заалт байна. Аль нэг улс нь цаазын ял хэрэглэж байгаа бол гэрээ хэрэгжихгүй байх нөхцөл үүснэ. Өмнө нь Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг Малайз улсад хөнөөсөн хэрэг гарсан. Гэтэл захиалагч бус гүйцэтгэгч нь шийтгүүлээд өнгөрсөн. Захиалагч нь Австрали улсад зугтан гараад, ял завшаад явж байх жишээтэй. Цаазын ялын асуудал 2 улсын хооронд гэрээ байгуулахад асуудал үүсэх магадлалтай.”

Хууль зүй, дотоод хэргийн яамны гэрээ, эрх зүй, хамтын ажиллагааны газраас өгч байгаа мэдээллээр өмнө нь хэд хэдэн улсуудтай ялтан шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд дээрхийн жишгээс харахад цаазын ялтай этгээдийг хоёр улсын хооронд ялтан шилжүүлэх гэрээ байгуулагдсан байсан ч эх оронд нь эргүүлэн өгдөггүй байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж дараах тайлбарыг хэлсэн юм.

“Эрүүгийн хууль бол тухайн улсын бүрэн эрхт байдлын баталгаа. Аливаа улсын байцаан шийтгэх ажиллагаа 2 улсын хил дээр дуусдаг. Ялтан шилжүүлэхэд нөгөө улс цаазын ял оноохгүй гэж үзвэл шилжүүлэх улс гэрээ байгуулсан ч шилжүүлэхгүй байх эрх нь бий.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Харин Монгол Улсад 8 улсын 20 иргэн ял эдэлж байна.

  • БНХАУ - 6
  • Вьетнам - 2
  • АНУ - 1
  • Австрали – 1
  • ОХУ – 7
  • БНСУ – 1
  • Нигер – 1
  • Бангладеш – 1

Яллагдагчаар татагдсан: БНСУ – 1, Тайвань – 1, БНКазУ-ын 1 иргэн байна.

 Ц.Соёлмаа