Энх-Амгалан 2018.10.29 | Gogo.mn

Дэлхийн нягтлан бодогчдын XX чуулганд Монголын төлөөлөгчид оролцоно

Дэлхийн нягтлан бодогчдын XX чуулганд Монголын төлөөлөгчид оролцоно

Дэлхийн нягтлан бодогчдын 20 дахь чуулган “Глобал Сорилтууд, Глобал Удирдагчид” сэдвийн дор Австрали улсын Сидней хотод 2018.11.05-08-ны өдрүүдэд болох бөгөөд зохион байгуулагчдын мэдээлж байгаагаар 6000 орчим төлөөлөгч оролцохоор болжээ.   

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг тус хуралд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт /ММНБИ/ Олон улсын нягтлан бодогчдын холбооны Монгол дахь цорын ганц гишүүн байгууллагын хувьд өөрийн гишүүдээ идэвхжүүлж оролцуулахаар бэлтгэл хангаж байна.

Тус институт 2002 онд ХонКонгт болсон дэлхийн нягтлан бодогчдын 16-р чуулганаас эхлэн энэ түүхэн үйл явдалд оролцож ирсэн бөгөөд 2006 онд Турк, 2010 онд Малайз, 2014 онд Итали улсад болсон чуулганд нийт 230 гаруй төлөөлөгчтэйгээр  оролцож байсан бол энэ удаа манай улсаас 60 орчим мэргэшсэн нягтлан бодогч оролцох юм.

Мэргэжлийн байгууллагууд чуулганд оролцсоноор олон улсын байгууллагад гишүүнчлэлээ нэр төртэй хадгалж, мэргэжилтнүүдийн ур чадвар, туршлагаас сурч мэдэх, нягтлан бодох бүртгэл, аудитын талаар цаашдын чиг хандлага, бодлого, стратегийг тодорхойлоход оролцох юм.

Энэ удаагийн чуулганаар технологийн хувьсал, санхүүгийн мэдээллийн зөв ашиглалт, хиймэл оюун ухаанаар дамжуулан шийдвэр гаргах зэрэг дэлхий нийтийн анхаарал татаж буй асуудлуудыг хэлэлцэнэ.