Л.Мөнхбаатар 2018.10.30 | TV5

Ханх-Мондын Боомтыг олон улсын зэрэглэлтэй болгохыг сумын удирдлагууд тавьж байна

Хөвсгөл аймгийн хойд хэсэг байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газар байрладаг Ханх сумаас манай сурвалжлах баг мэдээ бэлтгэлээ.

Хүн болгон тэр бүр зориж очоод байж чаддаггүй тус газар Улаанбаатар хотоос 1000 гаруй км алслалттай оршдог. ОХУ-тай хиллэж буриад зон олонтой түлхүү харьцдаг Ханхынхан ирэх жилээс сум орон нутгийнхаа бүтээн байгуулалтаа хөгжүүлж, олон улсын зэрэглэлтэй боомт болох сонирхолтой байгаагаа уламжиллаа.

 Улсын нийслэлээс 1020 км-ийн зайтай орших Ханх сум Хөвсгөл аймгийн хамгийн хойд талын нуурын захад, байгалийн үзэсгэлэн бүрдсэн хэсэгт оршдогоороо онцлог. Хатгал тосгоноос 180 км замыг олон даваа нугачаа туулан байж очих тус сум хилийн зааг дээрх сум гэдгээрээ онцлог. 3000 гаруй иргэнтэй тус сумын хувьд нутгийн иргэд бэлчээрийн мал аж ахуйгаас гадна худалдаа наймаа эрхлэх боломж нээлттэй. Хоёр улсын хооронд бараа таавар зөөж амьжиргаагаа залгуулдаг. Тус суманд тулгамдсан асуудал цөөнгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх зайлшгүй шаардлагатай зүйл бол 1946 онд баригдсан сумын ЗДТГ-ын байр юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ашиглах боломжгүй гэсэн акт гараад байгаа хуучны дүнзэн энэ байшин хөгц мөөгөнцөрт идэгдэж хамар сэтлэм үнэртэй болжээ. Дотор нь удаан хугацаанд сууж ажиллах  ямар ч боломжгүй гэдгийг сумын удирдлагууд учирлаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж ирэх оны төсөвт багтааж өгснийг УИХ-ын гишүүн Л. Мөнхбатаар дурдлаа.

 Ханх сумын хувьд 2008 онд ашиглалтад орсон 10 ортой эмнэлэгтэй. Гэвч эмнэлэг орныхоо тоогоор хүн авах боломжгүй. Өвлийн улиралд хүйтэн, барилгын дулаан алдалт ихтэй байдаг байна. барилгын норм дүрмээсээ гажсан тус барилгыг засварлах хөрөнгийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай болсон байна. төсвийн хөрөнгийг үргүй зарсан бас нэгэн ажил бол сумын бага сургуулийн байрыг 50 сая төгрөгөөр засварласан явдал байлаа. Хуучны дүнзэн байшинг зассан гэж байгаа ч шалыг нь хуучнаар нь үлдээж, ханыг нь өнгөт хавтангаар доторлож, бичгийн цаасны үдээсээр үдсэн байсан юм. Эхнээсээ үдээс нь гарч хажуугаар нь өнгөрөх хүүхэд багачуудыг гар хөл, хувцсыг урахаар болсон байлаа. Сургуулийн байрны халаалтыг нам даралтын зуухаар шийдсэн ч цонх нь онгойход хүндрэлтэй бариулыг нь хийж өгөөгүй байсан юм.

 Ханх сум нь хилийн боомттой гэдгээрээ бусад сумдаасаа онцлог. Ханх-Мондын боомтоор жилд давхардсан тоогоо 30 орчим мянган хүн нэвтэрдэг байна. үүний дийлэнх нь дотоодын иргэд байдаг. 10 гаруй мянга нь ОХУ-аас орж ирэх аялагчид жуулчид байдаг байна.

Хилийн энэ боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох хүсэлтийг сумын удирдлагууд тавьж байна. Ингэснээр тус суманд аялал жуулчлал улам бүр хөгжих, үүнийг дагасан эдийн засгийн нөхцөл байдал ч сайжрах боломжтой гэж албаныхан харж байна. 

  Ханх суманд 150 ортой хүүхдийн дотуур байр баригдсан. Хилийн боомтоос сумын төв хүртэлх 23 км хатуу хучилттай зам барьсан гээд улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажил олон байна. ирэх жил гэхэд тус суманд цэвэрлэх байгууламж барих болсон байна.