2018.10.30

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум 5000 гаруй тонн хадлан тэжээл бэлтгэжээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд сүүлийн гурван жилийн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр суманд 100 ортой сургуулийн дотуур байр баригдаж ашиглалтад орсон.

Мөн 320 хүүхдийн хүчин чадал бүхий хичээлийн байр улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байна. Харин ирэх онд нэн шаардлагатай тулгамдсан асуудлын нэг болох цэцэрлэгийн барилга баригдахаар төсөвт тусгагджээ.

Нутгийн иргэд мал аж ахуй эрхлэх боломж бололцоог сайжруулж өгөхийг тойргоосоо сонгогдсон гишүүнд уламжиллаа. Тухайлбал малын махыг хэт бага үнээр худалдан авдаг, малын түүхий эд арьс ширний үнэлгээ доогуур гээд олон асуудал тулгамддаг болохыг дурдаж байна.

Чандмань-Өндөр сум нь 3000 гаруй хүн амтай, нийт иргэдийн дийлэнх нь бэлчээрийн мал аж ахуй эрхлэн амьдрал ахуйгаа залгуулдаг. Төв суурин газраасаа алслагдмал сумдын нэг юм. 5000 гаруй тонн хадлан тэжээл авч өвлийн бэлтгэл ажлаа хангасан гэдгийг сумын удирдлага хэлж байна.Л. Мөнхбаатар гишүүн тойрогтоо ажиллах үеэрээ сумын багийн дарга нарыг унаажуулж мотоцикл гардуулан өглөө. Мөн суманд шаардлагатай мал угаах зөөврийн төхөөрөмж өгсөн юм.

Суманд дэмжлэг туслалцаа хэрэгтэй зорилтот бүлгийн нэг өрхөд өргөө цагаан гэр гардууллаа.

 Тойргийнхоо сумдын сургууль цэцэрлэг, сумын номын санд ном, зорилтот бүлгийн нэг өрхөд гэр, мал угаах төхөөрөмж, багийн дарга эмч нарт мотоцикл гээд суманд шаардлагатай байгаа зүйлсээр нь хангаж өгсөн юм. 3 жилийн өмнө эхэлсэн өргөө гэртэй болгох төслийн хүрээнд зорилтот бүлгийн 40 гаруй өрх айл орох оронтой болжээ.