Б.Бат-Эрдэнэ 2018.10.30 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Мал эмнэлгийн хяналт талаасаа ямар зохицуулалт хийхээр тусгаж байна?

Өнөөдөр /2018.10.30/ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Малын генетик нөөцийн тухай хоёр хууль бол мал аж ахуйн бодлогыг тодорхойлсон гол хууль. Энэ хуулийг хэрэгжүүлэх явцад хууль хоорондын зөрчил, хийдэлтэй холбоотой асуудлуудыг судалсан байна. Яг эцсийн байдлаар асуудлыг судалж дуусгасан уу? Төд удалгүй дахиад УИХ-аар асуудал хэлэлцүүлнэ гээд асуудал оруулж ирэх үү? Мал амьтан, ургамлыг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой асуудал их хүндрэлтэй. Мал эмнэлгийн хяналт талаасаа ямар зохицуулалт хийхээр тусгаж байна?

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Х.Алтангэрэл: Хорио цээр тогтоох асуудал Мал эмнэлгийн ерөнхий газрыг үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг. Аливаа олон улсын хорио цээрт өвчин гарахад оношилгоо, тэмцэх арга хэмжээ, урьдчилан сэргийлэх асуудлыг Мал эмнэлгийн ерөнхий газар хариуцдаг. Үүн дээр төрийн хяналт шалгалтын тухай хуулиар МХЕГ хяналтуудаа тавиад, дүгнэлтээ гаргаад явах зохицуулалттай.