А.Сүхбат Д.Тэрбишдагва 2018.10.30 | УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

Махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр орон нутагт ажиллаж байна

Махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр  орон нутагт ажиллаж байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11 цаг 26 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д. Тэрбишдагва даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлыг танилцууллаа.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүл ахуйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн. Байнгын хороо санал, дүгнэлтээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлснийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Дэд сайд Ж.Сауле болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Тэрбишдагва нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн А.Сүхбат: Махны хэдэн үйлдвэр, хаана барих гэж байгааг асуулаа. Мөн малын эрүүл мэндийн салбарт ахиц гарсан уу?

Гишүүдийн зүгээс малын гоц халдварт өвчин дэгдсэн бүсээс ирж байгаа машин техник, иргэдийг нийслэл рүү нэвтрүүлэхэд ариутгах ажлыг шинэчлэхэд арга хэмжээ авч байгаа эсэх, малын гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, махны экспортыг дэмжин, үйлдвэр барих асуудалд шуурхай ажиллаж байгаа талаар  тодруулав.

Хүнс, хөдөө аж ахуйн Дэд сайд Ж.Сауле хариултдаа,

Монгол Улсын Засгийн газраас батласан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд орон нутгийн онцлогт тохирсон мах, сүүний үйлдвэрийг барих бэлтгэл ажил үргэлжилж, ТЭЗҮ боловсруулагдаж байгааг онцлоод одоогоор махны чиглэлийн 42, сүү, сүүн бүтээгдэхүүний 216 үйлдвэр  орон нутагт ажиллаж байна гэж байлаа. Мөн тэрбээр, нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоогоор автомашин, иргэд, тэдгээрийн ачаа тээшийг иж бүрэн ариутгаж, халдваргүйжүүлэн нэвтрүүлэхэд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн техник, технологи ашиглахад шаардагдах төсөв, хөрөнгийн зардал өндөр байна. Тиймээс боломждоо тулгуурлаад автомашины дугуйг ариутгах ажлыг үргэлжлүүлж байна хэмээн хариулав.

Ингээд Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо