О.Баасанхүү Ё.Баатарбилэг 2018.11.01

Сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

Сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо

Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн гишүүн О.Баасанхүү нар өнөөдөр (2018.10.31) БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг “Сүрьеэ өвчинтэй бид дотооддоо тэмцэж байгаа ч гадаад талдаа бүс нутгийн хэмжээнд хамтарч ажиллах байр суурь, санаачилгатай байдаг” хэмээн онцоллоо.

Тэрбээр мөн Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг Сүрьеэгийн эмнэлэг барих санхүүжилтийн эхний хэсгийг улсын төсөвт суулгахаар анхааран ажиллаж байгааг тэмдэглэхийн зэрэгцээ тус эмнэлгийг барих цаашдын санхүүжилт, эмнэлгийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулах чиглэлээр

БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй хамтарч ажиллах саналаа  илэрхийлэв. Үүний тулд БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгтэй Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлэг хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав.

БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кён Ман Ху “Юуны өмнө Улсын Их Хурал дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн идэвхтэй үйл ажиллагаанд талархалтай хандаж байна” гээд “Та бүхний тавьсан бүх хүсэлтийг хүлээн авч, хамтарч ажиллахад, дэмжлэг үзүүлэхэд бэлэн” хэмээн тэмдэглэв.

Эхний шатанд Монгол Улсад сүрьеэгийн эмнэлэгтэй болоход дэмжлэг үзүүлж дэлхийд томоохонд тооцогдох БНСУ-ын сүрьеэгийн эмнэлгийн зураг төслийг үнэ төлбөргүй олгох боломжтойгоо илэрхийллээ.

Мөн сүрьеэгийн шинэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг “Сөүл прожект” төслийн хүрээнд олгох боломжтой төдийгүй БНСУ-д нэр хүндтэй эрдэмтэн Ким Хи Жин-ийг зөвлөхөөр ажиллуулах боломжтойг тэмдэглэлээ.

Түүнчлэн бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах санаачилгыг шууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Уулзалтын төгсгөлд талууд хамтын ажиллагааны санамж бичгийг ойрын хугацаанд байгуулан, уг санамж бичигт 2019 онд хийх ажлын төлөвлөгөөг хавсарган батлахад санал нэгдлээ.

Санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд бүс нутгийн хэмжээний уулзалт, хурал зохион байгуулах, эмч, эмнэлгийн ажилтнуудыг туршлага солилцуулах, Монгол Улсын ард ард иргэд, ялангуяа хүүхэд, залуучуудыг хамруулан сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явуулах,  өвчний эрт илрүүлгийг анхан шатны эмнэлгүүдэд хийдэг болох, сүрьеэгийн шинэ эмнэлгийн барилга, тоног төхөөрөмжид материаллаг дэмжлэг үзүүлэх, сүрьеэтэй тэмцэх хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийхэд хамтарч ажиллах зэрэг ажлыг хийхээр тогтлоо.

БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг нь 1952 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн туршлагатай тус нийгэмлэгт үйл ажиллагаагаа явуулахад нь Солонгосын Засгийн газраас хангалттай санхүүжилт төсөвлөж, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалдаг гэдгийг ерөнхийлөгч Кён Ман Ху уулзалтын үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.