Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны аргаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2018.11.01

Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны аргаар албадан эмчлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.11.01/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Засгийн газраас 2018 оны 05 сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Албадан эмчилгээний өнөөгийн үр дүнг бууруулахгүй байх, албадан эмчилгээнээс зайлсхийх явдлыг гаргуулахгүй байх, эмчлүүлэгчийн нийгмийн байдлыг дээшлүүлэх зорилгоор тодорхой мэргэжилгүй, ажилгүй эмчлүүлэгчдэд зориулан албадан эмчлүүлэх хугацаанд нь нөхөн сэргээх эмчилгээтэй уялдуулан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтыг явуулж болох тухай зохицуулалтыг тусгажээ. 

Хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. 

Тус байнгын хороо 2018 оны 05 сарын 31-ний өдөр хуулийн төслийг хэлэлцэж, ажлын хэсгийг томилсон байна. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гиүүн Н.Оюундарь, гишүүдэд О.Батнасан, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж, Н.Учрал нар ажиллахаар болжээ. Мөн тус байнгын хороо 2018 оны 10 сарын 10-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт, Б.Саранчимэг, Б.Дэлгэрсайхан, Ц.Цогзолмаа. Д.Сарангэрэл  нар асуулт асууж, хариулт авсны дараа байнгын хорооноос гаргасан саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.