Ц.Цогзолмаа: Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа
2018.11.01

Ц.Цогзолмаа: Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

-Хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг таван тэрбумаар хассан асуудлын хүрээнд өнөөдөр жагсаал зохион байгуулагдлаа. Ер нь төсвийг нв ямар шалтгаанаар хассан юм бэ?

-Монгол Улсын хэмжээнд 2018 оны төсөвт 7.2 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээнд төсөвлөсөн. Энэ хичээлийн жил дуусах хүртэл хүүхэд харах үйлчилгээг ажиллуулах боломжтой.

Харин 2019 оны төсөвт 2.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Яагаад таван тэрбум төгрөг хассан бэ гэхээр ирэх хичээлийн жилээс Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хүүхэд бүрийг цэцэрлэгтэй болгох хөтөлбөр хэрэгжээд, хүүхэд бүхэн цэцэрлэгт орох боломж бүрдэнэ. Тиймээс хүүхэд харах үйлчилгээний шаардлага багасна гэсэн үг. Цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа учраас л тав, зургаан хүүхдийг түрээсийн байранд хараад байгаа шүү дээ.

Харин ирэх хичээлийн жилд бүх хүүхэд цэцэрлэгтэй болох учраас хүүхэд харах үйлчилгээний шаардлага буурна. БСШУС-ын яам хүүхэд харах үйлчилгээ эрхлэдэг иргэдийн шаардлагыг хүлээж авсан. Ширээний ард суугаад хүүхэд харах үйлчилгээнийхэндээ ойлгуулна. 2.6 тэрбум төгрөгөөрөө ирэх хичээлийн жил хүртэл үйлчилгээгээ явуулах боломж байгаа. Ирэх хичээлийн жилд 142 цэцэрлэг ашиглалтад оруулаад 20 гаруй мянган хүүхдийн цэцэрлэг нэмэгдэнэ.

-142 цэцэрлэг ирэх жил ашиглалтад оруулна гэж байна. Газрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Улаанбаатар хотод газар олдохгүй гэдэг асуудал үүсэх магадлал бий. Гэхдээ аль болохоор газартай байгаа газруудыг сонгож, сургууль, цэцэрлэгээ барина. Монгол Улсын эдийн засаг сайжирч байгаа энэ үед иргэдийнхээ буюу нийгмийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх хуримтлалтай болж байгаа сайн зүйл.

Хуваарилалтыг хийхдээ Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аас гаргасан ажлын хэсэг энэ шийдвэрийг гаргасан. Би энэ ажилд оролцоогүй учраас байр суурь илэрхийлэх боломжгүй.

-Засгийн газрын хоёр ч сайд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болж, энэ санг хариуцаж байсан сайд нь хариуцлага хүлээлээ. Та ЖДҮХС-аас зээл авсан сайд, гишүүдийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Хуулийнхаа хүрээнд л шийдэгдэх байх. Үүн дээр би хувийн байр суурь илэрхийлэхгүй.

-Таны нөхрийг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон. Мөн охин тань БОАЖЯ-ны газрын даргаар томилогдоод удаагүй байгаа гэсэн мэдээлэл байна. Ёс зүйн хувьд Засгийн газрын гишүүний нөхөр, хүүхэд албан тушаалд томилогдох нь хэр зохимжтой вэ. Та үүнд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн үү?

 -Манай нөхөр мэргэжлээрээ л ажиллаад явж байгаа. Тэр хүмүүс мэргэжлээрээ л ажилладаг.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.ЭНХТАЙВАН