Ц.Цогзолмаа 2018.11.05 | Vip76.mn

Ц.Цогзолмаа: “Монголын ирээдүй ямар нэгэн туршилтын бай болох ёсгүй”

Ц.Цогзолмаа: “Монголын ирээдүй ямар нэгэн туршилтын бай болох ёсгүй”
Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд

Монголын хамгийн өргөн салбарыг хамарсан бодлогын төв байгууллагыг удирдаж яваа нэгэн эмэгтэй олны танил болоод нилээд хэдэн жилийг үдэж байна. Тэрээр нэгэн урлаг, спортын од биш тэр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын мянга мянган хүнийг удирдаж яваа сайд бүсгүй.

С.Хүрэлсүхийн кабинетын нэгэн “Туршлагын уурхай” бол Цэдэнбалын Цогзолмаа. Улсын ирээдүй болсон хүүхэд залуусын боловсролд анхаарч, ард иргэд, улс орноо урлаг соёлоор соён гэгээрүүлж, дэлхийн тавцанд Монгол нэрийг тамгалан яваа спортын алдарт тамирчид, хорвоогийн нууц, хийж бүтээхийн оргил болсон шинжлэх ухаанчид бүгд түүнтэй нэгэн гэр бүл болсон.

Ц.Цогзолмаад хийж үзээгүй ажил гэж үгүй. Учир нь Багш, Түүхч мэргэжилтэй тэрээр дээд боловсрол, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөө, Хүүхэд залуучуудын хөгжил, нийслэл, дүүргийн удирдлага гээд боловсрол, нийгэм, улс төрийн салбар бүрт амжилттай ажилласан. Харин 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2017 оноос хариуцлагатай, улс орны ирээдүйн хөгжлийг үүрч явдаг Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын салбарын сайдаар ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Энэ салбарт сэтгэлтэй, чадвартай хүний гар дутсанаас салбарын бодлого алдагдаж, олон жилээр дэлхий нийтээс хоцорч, салбарын боловсон хүчний бодлого муудаж, нийгмийн хамгааллын асуудал ард орхигдоод байсан гэж хэлж болно. Харин өнөөдөр байдал өөр.

Монгол Улсын төрд 180 мянган албан хаагч ажиллаж байна. Тэдгээрээс 81 мянга буюу 40 гаруй хувь нь зөвхөн Ц.Цогзолмаа сайдын удирдаж байгаа салбарт ажилладаг. Сүүлийн жилүүдэд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд багш нар ажил хаях, цалингаа нэмүүлэх шаардлага тавьдаг болсон.

Энэ байдал 2018-2019 оны хичээлийн шинэ жил эхлэх үед ч давтагдсан. Харин энэ удаад Ц.Цогзолмаа сайд асуудлыг гадна талаас нь бус гал дотор өөрөө орж, хатуу шаардлага тавьсан багш нартайгаа нүүр тулан уулзаж, амжилттай шийдвэрлэсэн. Ажил хаялт зогссон, сурагчид хичээлдээ явж эхэлсэн.

Цалин нэмэх асуудал түүний хариуцаж байгаа салбарын 81 мянган боловсон хүчинд хамааралтай. Эдгээрийн дунд 35 мянган багш байгаа бол 46 мянга нь Соёл урлаг, спорт, шинжлэх ухааны салбарын ажилтнууд байгаа юм. Монгол Улс шинжлэх ухааны 50 академичтэй. Харин тэд дэлхийн хаана ч байхгүй хамгийн бага цалинтай. Тэдний асуудал ч давхар шийдэгдсэн гэсэн үг.

Ц.Цогзолмаа сайдаас эршүүд, шударга, зоримог зан чанар байнга харагддаг. 20 гаруйхан насандаа ээжээсээ өнчирч, 4 эрэгтэй дүүгээ өсгөж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэсэн хэрнээ өөрийн болон гэр бүлийн гэх нэг ч бизнес байдаггүй нь түүнийг Монгол төрийн жинхэнэ сайн түшээ гэдгийг нотлох бизээ.

С.Хүрэлсүхийн Засгийн газар хүлээлт, хариуцлага өндөр мөрийн хөтөлбөртэй. Сайд нар ч энэ хэрээрээ салбар салбартаа хүчээ гарган ажилласаар байгааг Ц.Цогзолмаа сайдаас харж болно. Тэрээр салбарын том бодлогоос гадна Ерөнхий боловсролын системийг тогтвортой байх ёстой гэж үздэг.

“Монголын ирээдүй ямар нэгэн туршилтын бай болох ёсгүй. Харин цэцэрлэгээс нь эхлээд дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлдэх ёстой. Үүнийг зарчмаа болгон ажиллаж байна. “

Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд

Мөн ажлаа авсан даруйдаа “Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм”-ийг баталж, багшийн хариуцлагыг өндөржүүлсэн.

Өнгөрөгч 2-р сард “Тусгай хэрэгцээт сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолт”-ыг баталжээ. Энэ нь тусгай хэрэгцээт хүүхдийн сургуульд тусгай хэрэгцээт дээд боловсролтой хүн захирлаар ажиллана хэмээн тодорхой заасан байна. Ингэснээр хэн нэгэн хүн тусгай хэрэгцээт сургуульд өөрийн хүнээ томилох биш тодорхойлолтын дагуу мэргэжлийн хүн ажиллах нөхцөл бүрдсэн юм.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санаачлан хийсэн ажлуудаас онцолвол, УИХ-аас 2017 оны долдугаар сард “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс даган мөрдөж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Тиймээс “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлуулаад байна.

Энэ мэтчилэн нийгмийн хамгаалал, хүүхэд, эмэгтэйчүүдийн мөнгөн тэтгэмж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах зэрэг чиглэлээр 10 орчим хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тэдгээрийн зарим батлагдан хэрэгжиж байна.

 Ц.Соёлмаа