2009.11.15

С.Эрдэнэ: Би хамтарсан Засгийн газрыг ажиллаж чадахгүй бол шүүмжилнэ. Цаашлаад огцрохыг ч шаардах болно.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Та саяхан болтол яллагдагч байсан. Гэтэл одоо УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь хууль завхраад байгаагийнх уу, эсвэл шударга үнэн ялсных уу?

-Юуны өмнө үнэн юм үнэнээрээ явсан тэгээд шударга үнэн ялсан гэдгийг хэлмээр байна. Яривал их зүйлийг ярьж болно. Гэхдээ ямар ч байсан Монголд шүүхийн байгууллага үнэний талд шийдвэр гаргадаг юм байна гэдгийг хэлмээр байна.

-Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд Баянголын сонгогчдын эрх эхнээсээ зөрчигдсөөр ирсэн. Хамгийн сүүлд та тангаргаа өргөснөөр энэ асуудал цэгцрэх шиг боллоо. Парламентын гадна байсан энэ хугацаанд ажлаа юунаас эхэлбэл дээр талаар бодож л байсан байх?

-Бүрэн эрхийнхээ хугацааны гуравны нэгийг би парламентын гадна өнгөрөөлөө. Энэ хугацаанд парламентыг гаднаас нь харж байхад олон зүйл гажуудалтай байгааг, асуудалд хандаж байгаа нь ямар нэгэн хяналтын тогтолцоогүй, хавтгайрсан маягаар хуулийг баталж байна уу даа гэж ажиглагдсан. Шинээр батлагдан гарч буй хуулийн чанар чансаа, амьдралд хэр нийцэж байгааг эргэн хянах байдал алдагджээ гэдэг нь харагдаж байлаа. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд их зүйл хийж болох байсан. Одоо би энэхүү алдсан хугацаагаа нөхөх гэж ихээхэн ачаалалтай шаргуу ажиллах зорилго өөртөө тавиад ажиллаж байна.

-Ажилдаа ороод яг ямар ажил амжуулав даа?

-Бүрэн эрх маань хэрэгжиж эхлээд сар гаруй болж байна. Энэ хугацаанд би 4000 гаруй сонгогч иргэд, арав гаруй аж ахуйн нэгж, төрийн болоод төрийн бус байгууллагаар орлоо. Бас Баянгол дүүргийнхээ удирдлагууд, хорооны Засаг дарга нартай уулзаж санал бодлыг нь сонслоо. Бас ч гэж чамгүй ажлууд амжуулсан. Мөн Эрүүгийн хуулийн шинээр өргөн барих төслийн ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Бас Бүх нийтийн биеийн тамирын тухай хуулийн төслийн ажлын хэсэг, хэд хэдэн УИХ-Д-ын-ын тогтоолын төслийг боловсруулж, өргөн барих ажлын хэсэгт багтан ажиллаж байна даа. Ер нь шахуу ажиллаж байна шүү.

-Парламентын амин сүнс болсон сөрөг хүчин байхгүй боллоо гэсэн шүүмжлэл гарч байгаа. Эвлэж нийлж байж ажил бүтнэ гэсээр засаж залруулах хүчин үгүй боллоо гэж цөөнгүй хүн үзэж байгаа үүндээр "Та нар ингээд асуугдаад биш асуугаад сууж байх ёстой хүмүүс" нь гэж ч хэлж байна. Үнэхээр эвлэж нийлэхгүй л бол ажил бүтэхгүй гэж үү?

-Хүмүүс хоёр янзын арга барил дээр талцаж ярьж байна л даа. Нэг хэсэг нь эвлэж нийлж байж л ажил урагшилна, нөгөө хэсэг нь парламент сонгодог утгаараа цөөнх нь цөөнх шиг байж олонхоо засаж залруулж ажиллах ёстой гэж байна. Миний хувьд хоёр дахь хувилбарын нь талд байдаг хүн. Цөөнх нь цөөнх шиг, олонх нь олонх шиг байх нь парламентын засаглалын мөн чанар гэж би ойлгодог. Өнөөдөр энэ байдал алдагдчихаад байна. Гэхдээ олонхоороо нэгэнт ингэж шийдсэн учраас би олонхын шийдвэрээ хүндэтгэх хэрэгтэй болно. Энэ шийдвэр надад таалагдсангүй гээд орилж хашгираад байх нь юу юм. Олонхын шийдвэрээ хүндэтгэх нь өөрөө ардчиллын үндсэн мөн чанар шүү дээ. Гэхдээ цөөнхийн байр сууриа хийн байр сууриа илэрхийлэх үедээ илэрхийлж, үгээ хэлж байгаа Цаашид ч тэгэх болно. Д.Тэрбишдагва гишүүний хэлж байгаатай би санал нэг байна. Бид өнөөдөр асуугдаад биш асуугаад сууж байх ёстой шүү дээ

-Та бол МоАХ-г үүсгэн байгуулсан хүний нэг. Үнэндээ фракцын Эрдэнэ ч гэдэг. Таныг энэ парламентад орж ирснээс хойш хүмүүс нэг зүйлийг хараад байгаа нь нууц биш. Тэд энэ парламентад цөөнхийн үүргийг гүйцэтгэх фракцыг өнөөх Эрдэнэ байгуулах болов уу гэж хүлээж байгаа. Та үүнд юу гэж хариулах вэ?

-Би өнөөдөр иргэд сонгогчдынхоо хүлээж байгаа тэр үр дүнг авчрахын төлөө л ажиллана. Хэрэв иргэд шаардлагатай гэж үзэх юм бол би хамтарсан Засгийн газар тэдний явуулж байгаа үйл ажиллагаанд өөрийн гэсэн байр сууринаас хандана. Тэд ажиллаж чадахгүй бол би үйл ажиллагааг нь шүүмжилнэ, цаашлаад огцрохыг шаардана. УИХ-Д-ын-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээд бүх бололцоогоо дайчлан ажиллана гэж хэлмээр байна даа.

Хэдийгээр хамтарсан Засгийн газар байгуулагдаж, олонх, цөөнх байхгүй болчихсон мэт харагддаг ч УИХ-Д-ЫН дахь АН-ын бүлэг дотор эрүүл саруул үзэл бодолтой гишүүд олон байдаг гэдгийг бас онцолмоор байна. Тэд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байгаа, цаашид ч эрчтэй ажиллана гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Чанга хэлж, хашгирч орилсноороо сөрөг хүчний байр суурийг харуулахгүй ээ. Хэлэх үедээ хэнээс ч дутахгүй хэлэх хэрэгтэй байх. Чанга хэлж хашгирч орилсноороо цөөнхийн байх суурийг илэрхийлэхгүй ээ. Түүнээ сайтар бодож, үнэлэлт дүгнэлт хийж чаддаг байх хэрэгтэй. Энэ хамтарсан Засгийн газрын хийж байгаа ажлыг шүүмжилж буруутгахаасаа илүү ард түмэнд ашигтайгаар хийж, шийдэж чадах ямар асуудал байна гэдгийг олж харж тэднээр хийлгэхээр шахаж ажиллах нь чухал. Харин үнэхээр ажиллаж чадахгүй бол цаг алдахгүй түргэн тарж, парламент сонгодог хэлбэрээрээ ажиллах хэрэгтэй.

-Та хамтарсан Засгийн газраас юуны өмнө юуг хүсэж байна вэ?

-Юуны өмнө Сонгуулийн тухай хуулийг ямар нэг байдлаар улс төржилгүйгээр Монголын нөхцөл байдалд үнэхээр тааруулан, хүмүүсийн хүлээж байгаа тэр хувилбараар нь батлах хэрэгтэй байна. Мөн Таван толгой гээд орд газруудын асуудлыг ард түмэнд ашигтай хэлбэрээр шийдмээр байна. Сонгогчдод амласан амлалтуудаа биелүүлэх хэрэгтэй байна. Энэ мэт олон ажлуудаа хиймээр байна. Хэрэв чадахгүй бол эртхэн тарсан нь дээр байна. Тэгээд парламент жинхэнэ мөн чанараараа ажиллах нь зүйд нийцэх байх.

-Монголд ардчилсан хөдөлгөөн үүссэний 20 жилийн ойг улс орон даяараа тэмдэглэх тухай ярих болж байна. Яг энэ түүхэн үед АН нь МАХН-д үүсэж үгүй болж байгаа тухай яриа танд юу бодогдуулж байна?

-Хамтарсан Засгийн газарт орсноор нь Ан-ыг МАХН-ын дагавар боллоо, үүсэж алга боллоо гэх хүмүүсийн шүүмжлэлтэй нэг талаараа би санал нэг байгаа юм. Яагаад гэвэл тэд зүй ёсны юм шаардаад байгаа байхгүй юу. Олонхын засаглалын алдаа оноотойг нь хэлж олон түмний дуу хоолой болоод явж байх ёстой сөрөг хүчин нь Засгийн газарт ороод явчхаж байгаа болохоор цөөнхийн үүргийг гүйцэтгэх хүчин байхгүй болчихож байгаа юм, Гэхдээ Ан-ыг түүхэн тэмдэглэлт ойн үеэрээ алга болчихсон гэдэгтэй би санал нийлэхгүй. УИХ-д-д байгаа 27 гишүүн, үүнээс Засгийн газарт багтсан зургаан сайд АН биш шүү дээ. АН-ынхан уусаад алга боллоо гэвэл ардчиллын төлөө зүтгэж ирсэн, ардчилсан үзэлтэй үүнийг дэмждэг тэр өчнөөн мянган хүнийг хааш нь хийх вэ. Магадгүй Ан-ыг төлөөлж Засгийн газарт багтсан зургаан сайдыг хожмоо буруу алхам хийсэн гэж үзэх цаг хугацаа ирж магадгүй. АН гэдэг нь олон мянган намын гишүүд, дэмжигчид болохоос УИХ-ын гишүүд, сайд нар биш юм аа. Тиймээс Ан-ыг МАХН-ын дагавар нам болсон, ууссан гэх нь үндэслэлгүй дүгнэлт.

-Хамтарсан Засгийн газар байгуулах үед МАХН-ын дарга Ерөнхий сайд байсан учраас Ан-ын н дарга нь засагт багтах ёстой хэмээж Н.Алтанхуяг даргыг Тэргүүн шадар сайд болгож байсан. Одоо МАХН-ын дарга нь тусдаа, Ерөнхий сайд нь тусдаа байна. Өмнө хэлж байсан шигээ шалтгаанаар Ан-ын дарга Засгийн газарт багтах ёсгүй гэвэл танай нам даргынхаа асуудлыг хэрхэх бол. Сайд нарын асуудлыг баталсан чуулган дээр ч МАХН-ын зүгээс энэ санаа цухалзаж байсан...

-Энэ талаар ч бид намынхаа бүлэг дээр санал нэг байсан л даа. Ер нь улс төрийн нэг намын нь дарга нөгөө намын хүнээс Ерөнхий сайдаа гээд үүрэг хүлээж байх нь зөв үү гээд багагүй ярьсан. Гэхдээ энэ удаад засгийн газрын бүрэлдэхүүнийг өөрчлөхгүйгээр урьдын адил оруулж ирнэ гэж тохир сон учраас хэвээр нь батлаад явуулъя гэж олонхоороо шийдсэн юм. Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар манай намын дарга байх эсэх явдлыг нам маань холбогдох байгууллагууд ярьж, үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх байх гэж би бодон байна.

-Цагдаагийн газарт багагүй шалгагдаж, прокурор чинь яллахаас татгалзаж шүүхийн хэд хэдэн шатаар явсны эцэст цагаадсан хүний хувьд танаас асуумаар байна. Өнөөдөр хүмүүс "Улс төрийн захиалгаар хэрэгтэн болж байна, надад хууль үйлчлэхгүй гэж томрох хүмүүс байна, маргааш баривчлуулна гэж занаад тэр нь биеллээ олж байдаг хачин тогтолцоотой болжээ" гэж гомдол саналаа хэлэх болжээ. Үнэхээр энэ хүмүүсийн хэлээд байгаа шиг байна гэж үү. Үүнийг өөрчлөх хэрэгтэй юу?

-Бид ардчилсан тогтолцоонд шилжиж, зах зээлийн замналаар яваад 20 жил боллоо. Энэ хугацаанд салхи ороогүй салбар бол хуулийн салбар юм. Энэ салбарт шинэтгэл хэрэгтэй. Үүний тулд шүүх, прокурор, цагдаа гээд сугалж ярих биш бүр системээр нь шинэчлэх хэрэгтэй байгаа юм. Иргэдийн дунд яригдаж байгаа тэр асуудлууд үнэхээр байдаг. Хүнийг бүр тодорхой зорилгоор хэлмэгдүүлдэг явдал түгээмэл байгаа юм. Тиймээс шударга ёсыг тогтоох нь гол асуудал болж байна. Ингэхийн тулд улс төржиж намчирхах юм бол төвөгтэй. Үнэхээр л шударга ёс, шударга хуулийн тогтолцоог бий болгоё гэж бодож байвал Ерөнхийлөгчийн хийж буй, хийх ажлыг дэмжин ажиллаасай, үүнд ч хамтарсан Засгийн газар нэгдэж ажиллах байх гэж бодож байна.
Сүүлийн арван жил хуулийн салбарт явуулсан олон судалгаанаас харахад хамгийн хүнд сурталтай, авилгалд идэгдсэн, шударга бус газруудын эхний газрын гуравт нь л дээрх газрууд явж байна шүү дээ. Энэ бол иргэд шинэ хийх ёстой гэж үзэж, байгаагийн илрэл юм.

-Дэлхий нийтийг хамраад байгаа Н1N1халдварын эсрэг тэмцэхэд манайхан хугацаа алдсан гэж ярих хүмүүс байгаа. Та бодлого тодорхойлогчдын нэгний хувьд хугацаа, хариуцлага алдсан тал байгаа юу гэсэн асуултад юу гэж хариулах вэ?

-Байгаа ш дээ. Манайхан эхнээсээ л Н1N1 халдварыг С.Ламбаа халаасалж ирээд тараачихсан юм шиг л хандсан. Энэ вирусын халдварын эсрэг тэмцэх нь ганц ЭМЯ, энэ салбарын асуудал биш. Хариуцдаг салбар нь зогсоочих боломж байдаг бол өнөөдөр дэлхий нийтийн асуудал болчихоод явж байхгүй л байсан. Энэ нь ганц ЭМЯ, эмнэлгийн ажилтнуудын хамаарах ажил гэвэл үүн шиг инээдмийн асуудал байхгүй. Бүх шатны хүмүүс дарга цэргээсээ эхлээд хамтарч байж үүний тархалтыг багасгаж чадна. Засгийн газрын түвшинд ганц яамны асуудал гэлтгүй УИХ ч тухайн үед бүрэн бүрэлдэхүүнээрээ анхаарлаа тавьж ажилласан яах ч байсан юм гэж бодож байна. Цаг хугацаа алдсан тал байгаа ч дээр дооргүй хамтраад хийхэд болохгүй зүйлгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.