Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018.11.06

Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Сайдыг чөлөөлөх асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ…Засгийн газрын гишүүн нь  Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг дурдав. 

Тогтоолын төслийг БОХХААБХ-гоор хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 11 сарын 06-ны өдөр тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Хэлэлцүүлгийн үеэр асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд оролцосн гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.