Л.Болд 2018.11.06 | Vip76.mn

Л.Болд: Б.Батзориг сайд аа муу нуухаар сайн илчил

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Нэг сайдын асуудал ч биш Монголын төр, төрийн тогтолцоо, өнөөгийн УИХ, Засгийн газар цаашид яах вэ гэдгийг ярьж байна. Энэ бол эхлэл юм. Ийм хэлэлцүүлгээс Ерөнхий сайд хөндий байх ямар ч боломжгүй. Олон нийтэд өгч байгаа мэдээллээр Намын даалгавар байхгүй гэж байгаа ч намын даргаас бичиг очсон. Мөн намын нарийн бичгийн дарга зээл авсан гээд асуудал өрнөж байна. Бид өнөөдөр нэг хүнийг огцруулаад туг тахих маягаар явж болохгүй. Өнөөгийн УИХ, Засгийн газар чадамжгүй гэгдэж байгаа. Өнөөдөр бид энэ асуудалд яаж хандахаас хариулт нь харагдана. Бид иргэдээ ухаангүй гэж үзээд аргалах аргаар энэ асуудалд хандвал ард иргэд дүнгээ тавих байх. Монголын төрийн тогтолцоо бүхэлдээ авлигад идэгдэж, төрийн тогтолцоог хэврэг болгож, намын удирдлага төрийн бодлогодп хутгалдаж, хууль шүүхийн байгууллага нь үүний хамсаатан болсон байгаа энэ үед бид асуудалд зөв хандах ёстой. Муу нуухаар сайн илчил. Б.Батзориг сайд энэ боломжыг ашиглаад бүх үнэнийг мэдэж байгаа учраас хэлэх хэрэгтэй. Өнөөдөр таныг сайдаас чөлөөлөх, маргааш УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх тухай бид хэлэлцэж кноп дарна. Тиймээс та асуудлын гогцоог тайлах хэрэгтэй.”

Түүний асуултанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг хариуллаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:

“Би жил гаруй хугацаанд ХХААХҮ-ийн сайдаар ажилласан. Салбарын бодлого, ажил эрхлэлт, эрх зүйн бодлого талаас нь тодорхой ажлуудыг хийж, 2 ч бодлогын томоохон хуулийг батлуулж, мал эмнэлгийн газрын бүтцийг бий болгосон. Мөн салбарын томоохон хөтөлбөрүүдийг батлуулсан. Нөхцөл хүнд байсан ч үр тариа, төмсөө 100 хувь хангах ургау хурааж авсан. Үүнийг хийхэд салбарын хүн бүрийг хүчин зүтгэл, гар бие оролцсонд талархалтай байна. ЖДҮ хөгжүүлэх сантай холбоотой ёс зүйн асуудлаас үүдэн өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Монгол улсын нийт иргэд, хайрт ээж, ХХААХҮ-ийн салбарынханаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсч байгааг минь хүлээн авна уу.”