О.Баасанхүү 2018.11.06 | Vip76.mn

О.Баасанхүү: ЖДҮХС-аас хэний даалгавараар зээл олгосон бэ?

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ард түмэн ядуу байна. Шатахууны үнэ өсөөд, амьдрал хүнд байна. Жаахан амьжиргаагаа дээшлүүлэх гээд зээл авчих гэсэн хүмүүс журмаараа зээл авч чадаагүй. Гэтэл танай намыг журамгүй хүмүүс ЖДҮХС-аас олуулаа зээл авсан байна. Яаж ингээд ерөнхий нарийн бичгийн даргаасаа эхлээд бүгд л зээл авчихсан байна вэ? Өрөө төлчихсөн, уучлаарай гэх юм. Ард иргэд энэ бүхэнд бухимдалтай байна.

1-рт энэ зээлийн асуудал хэний даалгавар байсан бэ?

2-рт танай засгийн газар 2 дахь сайдаа унагаах гэж байна. Анхнаасаа давхар дээлтэй хүн сайдаар томилохгүй байх тухай хэлсэн. Гэтэл давхар дээлтэй нөхдүүд яваад л байсан. Одоо томилох сайд нарыг мөн давхар дээлтэй хүн томилох уу?  ”

Түүний асуултанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

“Шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэдийн амьдралд хүнд тусч байгааг мэдэж байгаа хэдий ч бихднээс үл шалтгаалах байдлаар ингэж өссөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн зах зээл дээр өссөн. Мөн ОХУ-ын ерөнхий сайд шатахуун импортлогчиддоо үнээ буулгах үүрэг даалгавар өгсөн. Энэ нь манайд ч сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Засгийн газрын зүгээс татварыг тэглэсэн. Энэ богино хугацаандаа авч чадах арга хэмжээ юм. Цаашдаа бол нефть боловсруулах үйлдвэрээ барих ажил юм. Би очиж үзсэн. Бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Харин эдийн засгийн суурь үзүүлэлтээ нураахгүйн тулд би мөнгө хэвлэх, үнэ тогтворжуулах арга хэмжээ авч, үнийг хүчээр барьж чадахгүй ээ гэдгээ хэлье. Харин МАН ЖДҮХС-аас зээл авч гэж даалгавар өгөөгүй. Би намын даргын хувьд зээл авсан нөхдөөс 2 зүйл шаардаж байгаа. 1-рт зээлсэн мөнгөө яаралтай төл. 2-рт ард түмнээсээ уучлал гуй гэж шаардсан.”