Ж.Мөнхбат 2018.11.06 | Vip76.mn

Ж.Мөнхбат: Шударга ёс, Эрх мэдлийн аль нь чухал болохыг сонгох цаг ирсэн байна

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

“Нийгэмд үүсээд байгаа шударга ёсны хариуцлагын том асуудлаа хэлэлцэж байна. Энэ үед УИХ, Засгийн газрыг тараах талаар яригдаж байна. Б.Батзориг сайд салбар болон ард иргэдээсээ ингэж уучлал гуйж байгаа нь сайн жишиг. Ёс зүйн хариуцлагаа хүлээе гээд өргөдлөө өгч байгаа нь зөв. Гэхдээ бид ард иргэдийн ямар их итгэл найдварыг тээж сууж байгаа билээ. Ард иргэдийн дунд уур бухимдлын гал ассан байна. Үүний өөдөөс наймын хувинтай ус цацаад унтрааж чадахгүй л дээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр цацагдаж байгаа нь шударга ёс уу эсвэл Засгийн газрын нэр хүнд чухал уу гэдгийг биднээс асууж байна.”

Түүний асуултанд Ерөнхий сайд хариулт өглөө.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

“Тантай санал нэг байна. Нийгэм биднээс эдийн засаг сайжрахаас илүүтэй шударга ёсыг тогтоохыг хүсэж байгаа юм. УИХ, Засгийн газар үүнийг хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Би зээл авсан бүх хүмүүсийг ард иргэдээсээ уучлал хүс гэж хэлсэн. Чадахгүй бол та ирэх сонгуульд нэр дэвшихгүй. Би шударга ёсыг тогтоохын төлөө шат дараатай зүтгэх болно. Эх орныхоо өмнө цэрэг хүний ёсоор тангараг өргөсөн хүн учраас би ард иргэд, УИХ-аас дэмжлэг тун удахгүй хүснэ. Ингээд үр дүнд хүрэхгүй бол би өөрөө огцорно. Энэ бүхний төлөө би УИХ, Ерөнхийлөгчийг ч дэмжинэ. Бид нэг нэгнийхээ мууг яриад суух биш асуудла яриад шийдлээ гаргах ёстой гэдгийг сөрөг хүчний гишүүддээ хэлмээр байна.”