2018.11.06

О.Баасанхүү: МАН төрийн зовлонг нимгэлж Засгийн газраа огцруул

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Би өмнө нь асуулт асуухдаа ч хэлсэн. Б.Батзориг сайд бол муу хүн биш. Ажлаа сайн хийсэн. Ухамсартай хүн. Харин энэ хүнийг өргөдлөө өгөх, чөлөөлөгдөх ауудал яригдах хүртэл байдалд оруулж байгаа Засгийн газар нь хариуцлагаа хүлээх ёстой. Би ч мэднэ. Намын санхүүжилт, сонгууль, тойргийн мөнгө хэрэгтэй, ах дүү хамаатан садан гээд л энэ сайдаа боорлож явсан үе зөндөө л байх. Гэтэл өнөөдөр энэ хүнийг өмөөрөх нэг ч хүн алга. Тэрээр бодлогын алдаа гаргаад ийм байдалд орсон бол ойлгож болох ч намын даргынхаа даалгавар, гишүүдийнхээ хүсэлтийг биелүүлээд ийм байдалд орчихоод байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь хариуцлагаа маргааш хүлээнэ гээд сууж байх юм. Ийм байж болохгүй. Кабинетын чинь үүдэн 2 шүд нь уначихсан байна шүү дээ. Өнөөдөр эрх мэдлээ ашиглан зээл авч өгсөн хүмүүс ч бас хариуцлагаа хүлээгээч. Тойрогтоо биш хувьдаа зээл авч юм хийчээд гэмших ч үгүй яваад байх юм. МАН Монгол төрийн зовлонг нимгэлж Засгийн газраа огцруулмаар байна.”