С.Бямбацогт 2018.11.06 | Vip76.mn

С.Бямбацогт: Зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлага хүлээгээд уучлал гуйчихаач ээ

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

“Үнэхээр бид бие биенээ үзэн ядаад, 2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхаад 28 жил явлаа. Энэ Монгол Улсын Үндсэн хуультай холбоотой. Бид төрөө дээдэлдэг ард түмэн. Гэтэл өнөөдөр бидэнд итгэл алдраад байна. Эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тогтолцоогоо сайжруулах шаардлагатай байна. Төрийн бодлого, шийдвэр тогтвортой байхын төлөө бид өнгөрсөн хугацаанд ажилласан. Ингээд зогсохгүй юм байна.

Б.Батзориг сайд улс төрийн шийдвэр гаргаад, ёс зүйн харицлага хүлээж өргөдлөө өгөөд бид өнөөдөр чөлөөлөх гэж байна. Гэхдээ энэ хүнд хамаг муу муухайгаа наагаад суух ёсгүй. Түүний сайд байх хугацаандаа хийсэн маш их ажил байна. Энэ жил Монгол улс түүхэндээ анх удаа 86 сая малтай болсон. Ноолуур 100,000 төгрөгт хүрч малчид өр зээлээсээ саллаа. Өнгөрсөн жилд 250 мянган тонн ургац хураасан бол энэ жил 450 мянган тонныг хүрааж авсан байна гэх мэт салбарт гарсан ахиц, түүхэн өөрчлөлт их байна. Гэхдээ ЖДҮХС-ын зээлээс болж хариуцлагаа хүлээж байх шиг байна. Энэ зээл авсан гишүүд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд уучлал хүсээчээ. Ёс зүйн дэд хороонд олон шаардлага ирж байна. Хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлыг давхар шалгах хуулийн боломжгүй учраас ядаж зээл авсан гишүүд уучлал хүсмээр байна.”