2018.11.06

Л.Болд: Чоно борооноор гэдэг шиг Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ үед хийх гэвэл буруу

Өнөөдөр /2018.11.06/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. 

Тодруулбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй ЖДҮ-ийг дэмжих сангаас салбарын сайд болон бусад УИХ-ын гишүүн, албан тушаалтнууд зээл авсан асуудалтай холбогдуулан ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дагуу өчигдөр буюу 11 сарын 05-ны өдөр сайдыг чөлөөлөх тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Нийгэм хариулт хүлээж байгаа энэ хурц асуудалд УИХ бодитой хэлэлцүүлэг хийгээд, сүүлдээ сайн сайдаа чөлөөлөх гэж байгаа тухай яриад явчихлаа. Бид нэг сайдын асуудал биш УИХ оршин тогтнох эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Чоно борооноор гэгчээр төрийг хөмрөх юм байна. Төрийн эргэлт хийх юм байна. Үндсэн хуулиа өөрчлөх гэж байна. Бид дотоодын асуудлаа эмчилж чадахгүй юм бол үндсэн хуулиа өөрчлөх шаардлагагүй. Өнгөрсөн сонгуулиудад дандаа эрх баригчид ялагдаж байсан. Учир нь өөрийнхөө хүссэнээр сонгуулиа хийгээд, хууль бус үйлдэлд зориулж хуулиа баталдаг байсан. Тиймээс бидний дотор ЖДҮ-чид орж ирдэг. Тэгээд бурууг нь Засгийн газар, УИХ-руу чихдэг байсан. Өнөөдрийн Үндсэн хуулийн ачаар энэ ЖДҮХС-ийн асуудал, Эрдэнэт үйлдвэрийн асуудал яригдаж байна. Мөн өнөөгийн тусгаар тогтнолын үнэлгээ ийм хэврэг байгааг харууллаа. Үүнийгээ засахын оронд Эцэг хуульруугаа дайрч байгаа бол та бидний хугацаа дууссан байна. Ард иргэдийн итгэл буурчээ гэдгийг харуулж байна. Анхнаасаа 60 тэрбумын асуудлаас үүдсэн асуудал энд тайлагдаж байна.”