2018.11.07

Л.Болд: Төрийн дээр нам байсныг 28 жилийн өмнө Ардчилал ялж өөрчилсөн ч өнөөдөр ухарч байна

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“Найруулсан зохиолоор УИХ-ын чуулганыг хаалттай горимоор явуулах гэж байгаа учраас хэлэлцэх асуудалтай холбоотой саналаа хэлмээр байна. Прокурорын бичиг дээр ...тогтоогдсон тул ... гэж орж ирсэн байна. Энд нэг хүний асуудал хэлэлцэж байгаа биш. Намын бүлэг шийдвэр гаргаад байнгын хороо нь 100 хувь ирцтэй шийдээд одоо хаалттай чуулганаар шийдээд явах нь л дээ. маргааш Монгол бахархалын өдрөө тэмдэглэнэ. Монголын ардчилал 28 жилийн өмнө олж авсан ололтоо зөв буруу байсныг эргэн харах цэг дээр ирж байна. Бид өмнө нь төрийн дээр нам байсныг болиулсан юм. Гэтэл өчигдөр Нам төрийг хослон баригч МАН-ын дарга У.Хүрэлсүх ерөнхий сайд ЖДҮХС-аас зээл авсан гишүүдээ уучлал гуйчих. Тэгвэл ирэх сонгуульд нэр дэвшүүлнэ гэж яриад байх юм. Ингэхээр бид өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд ардчилал, төрт ёсны төлөө хийсэн бүхэн үнэ цэнэ, утга учиргүй болж байна. Өнөөдөр 64-ын бүлэг базалтанд ороод гутамшгийн шийдвэр гаргаад явж болно. Гэхдээ энэ хуулийн дээр намын шийдвэр орж ирнэ гэдэг бол байж боломгүй асуудал юм.”