2018.11.07

О.Баасанхүү: ЖДҮХС-аас зээл авсан энэ асуудлыг би зүгээр орхихгүй

Өнөөдөр /2018.11.07/ УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэж байна.

Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналд, Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд санал хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

“Ерөнхий прокурорын оруулж ирж байгаа саналыг дэмжихээс өөр арга алга. Араас нь бас хэдэн хүний нэр орж ирэх юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ ямар нэг асуудал үүсэхэд барьж хориод байж болохгүй гэдгийг хэлмээр байна. Бас нэг зүйлийг хэлмээр байна. Эрүүгийн хууль хүн.д болсон. 1 заалтыг л авч үзэхэд хүчингийн хэргийн ял шийтгэлийн хугацаа багассан. Мөн албан тушаалын хэрэгт оноох ял өөрчлөгдсөн. Юм мэдэхгүйгээс чинь болж энд байгаа хүмүүс буруугаар ашиглаад байна. Жишээ нь С.Зоригийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа 20 жил гээд алга болно. Ийм зүйл ярихаар бөөрөлхөж, дээрэлхдэг болсон. Анх 65 байсан гишүүд өнөөдөр 64 болсон. Цаашдаа 4 хүний нэр орж ирвэл 60 болох нь ээ. Намын дарга нь зээлээ төлөөд уучлал гуйхгүй бол нэр дэвшүүлэхгүй гэж дарамталдаг юм байна. Тэрийг өчигдөр харлаа. Би энэ ЖДҮХС-аас зээл авсан нөхдийн асуудлыг зүгээр орхихгүй ээ.”