2018.11.07

ХУД-ийн 10-р хороонд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

ХУД-ийн 10-р хороонд шинээр баригдсан орчин үеийн дэвшилтэд технологи бүхий цэвэрлэх байгууламжийн нээлт боллоо. Энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон томоохон бүтээн байгуулалт төдийгүй Турк улсын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр тус улсын HNC компани барьсан байна.

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор хотын баруун өмнөд хэсэг болох Нисэх, Яармагийн суурьшлын бүсийн 160 мянга орчим айл өрх, ААН-ын бохирыг дэвшилтэд технологиор бүрэн боловсруулах гэнэ.

Тус бүсийн хуучин цэвэрлэх байгууламжийн ачаалал нь хэтэрсэн байсан бөгөөд хоногт 2000 метр.куб бохир ус хүлээн авдаг байжээ. Харин шинэ байгууламж хоногт үүнээс 10 дахин их буюу 20 мянган метр.куб бохирыг хүлээн авч бүрэн боловсруулах юм байна.

Үүнээс гадна уг байгууламж нь төв цэвэрлэх байгууламжийн дараа орохуйц хүчин чадалтай төдийгүй анхны битүүмжлэлтэй цэвэрлэх байгууламж гэдгээрээ онцлогтой юм.