Д.Оюунхорол Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн 2018.11.08 | Vip76.mn

Монгол Улс 2019 онд 9 их наядын орлого олж, 11 их наядын зарлага гаргана

Өнгөрөгч 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг баталлаа. Ингэснээр Монгол улс ирэх онд хэдий хэмжээний мөнгө олж, түүнийгээ хэрхэн юунд зарцуулах нь тодорхой болж байгаа юм.

Төсвийн тухай хуульд “Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах.” гэж заасан тул Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг өнгөрөгч 9-р сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж, 11-р сарын 02-ны өдөр УИХ баталлаа.

Улсын төсөв гэж юу вэ?:

Нийгэм, эдийн засгийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл бөгөөд улсын мөнгөн хөрөнгийн төвлөрсөн хуримтлалыг бий болгож хуваарилж буйг хэлнэ.

Түүхээс эргэн харвал:

Хувьсгалын өмнөх Монгол улсад өөрийн гэсэн улсын төсөв байгаагүй. Зөвхөн 1921 оны ардын хувьсгалын дараа Ардын засгийн газар өөрийн төсвийг зохиож эхэлсэн бөгөөд улмаар 1925 оноос Улсын Их Хурлаар батлах болсон байна. 1921 онд анх төрийн таван яам байгуулсны нэг нь Сангийн яам байсан бөгөөд тус яамны үндсэн нэг үүрэг нь төсөв зохиох, түүнийг хэрэгжүүлэх явдал байсан юм.

Улсын гуравдугаар их хурал 1926 онд орон нутгийн төсөв зохиох тухай журам баталж, хошууны ноёдоос дураараа ард иргэдээс элдэв татвар, өргөл барьц авахыг хориглосон байна.

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөв

Монгол Улсын төсвийг батлахад түүнийг дагалдан хэд хэдэн хуульд өөрчлөлт ордог.

Үүнд: Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим дэд заалтыг хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл багтаж байна.

Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлэх төсвийн бодлогын хүрээнд төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд орон нутгийн өмчийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг хийхээр холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулжээ.

Жишээ нь “ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрлийн төлбөр”-ийн орлогыг Улсын төсвийн татварын орлогын бүрэлдэхүүнд тусгасан байдаг. Энэ эх үүсвэрийн 50 хувийг аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилах хуулийн зохицуулалттай бөгөөд энэ нь 2020 оноос эхэлж мөрдөгдөх зохицуулалтай. Иймээс хуулийн хэрэгжилтийг нэг жилээр наашлуулж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн орлогын 50 хувийг 2019 онд, үлдэх 50 хувийг 2020 онд буюу нийтдээ 100 хувь тухайн хайгуулын талбай оршиж байгаа тухайн орон нутгийн төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

Түүнчлэн зарим хуулийн хэрэгжилтийг хойшлуулах зохицуулалт хийлээ. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хуулийн хэрэгжилтийг 2021 он болгож хоёр жилээр хойшлууллаа.

Мөн Засгийн газраас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах зорилгоор хэрэгжүүлсэн ажил үр дүнд хүрч төсвийн орлого нэмэгдэж, алдагдал, өрийн хэмжээ төлөвлөж байснаас хурдацтай буурсан тул 2019 оны төсөвт цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг тусгажээ.

Төсөвт орсон тоонууд:

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ 2019 онд 8 хувь байх бол 2020, 2021 онуудад тус бүр 6 хувьтай байх, харин энэ хугацаанд хэрэглээний үнийн өсөлтийн түвшин жил бүр 8 хувьтай байхаар тусгагджээ.

  1. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн ОРЛОГО

2019 онд 9,676.5 тэрбум төгрөг

2020 онд 10,713.5 тэрбум төгрөг

2021 онд 11,844.7 тэрбум төгрөг

  1. Монгол Улсын төсвийн нийт ЗАРЛАГА

2019 онд 11,589.8 тэрбум төгрөг

2020 онд 12,393.6 тэрбум төгрөг

2021 онд 12,901.1 тэрбум төгрөг

  1. Төсвийн тэнцвэржүүлсэн ТЭНЦЭЛ

2019 онд -1,913.3 тэрбум төгрөг

2020 онд -1,680.1 тэрбум төгрөг

2021 онд -1,056.4 тэрбум төгрөг

  1. ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРийн нийт хэмжээ /өнөөгийн үнэ цэнээр/

2019 онд 19,551.6 тэрбум төгрөг

2020 онд 19,390.8 тэрбум төгрөг

2021 онд 18,383.6 тэрбум төгрөг байхаар батлагдлаа.

Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуульд:

Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээл, тусламжийн ашиглалт, санхүүжих зардлыг 129,219.9 сая төгрөгөөр,

Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төлөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр,

Боловсролын зээлийн санд төлөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр,

Гаалийн шинэчлэлд зориулсан хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг 12 тэрбум төгрөгөөр тус тус буурууллаа.

Харин,

Хүүхэд хамгааллын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөсөн санхүүжилтийг 5.6 тэрбум,

Жендерийн тэгш байдлыг хангах үндэсний хорооны урсгал зардлыг 512.4 сая,

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урсгал зардлыг 149.5 сая,

Улсын Их Хурлын Тамгын газрын урсгал зардлыг 3,050.0 сая,

Хүний эрхийн үндэсний комиссын урсгал зардлыг 93.9 сая,

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төсөвлөсөн санхүүжилтийг 8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүллээ.

- Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллого хийх зардалд 1.8 тэрбум, Хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд хуулийн дагуу олгох нөхөх олговрын санхүүжилтэд 5 тэрбум, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлд 47 тэрбум, нийслэлийн Баянгол дүүргийн 141 дүгээр сургуулийн урсгал зардалд зориулж 4 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгасан юм.

- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2 сая төгрөгөөр,

- Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр тус тус батлав.

- Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322, 000.0 сая төгрөгөөр баталлаа. Мөн Засгийн газар 2019 оны төсвийн жилд шинээр хийх зээллэг болон өрийн баталгааны дээд хэмжээг тэрбум төгрөг сая төгрөг байхаар батлав.   

Түүнчлэн Орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орон нутгийн төсвөөс төвлөрүүлэх орлого, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн хэмжээг баталсан юм. Түүнчлэн Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоо хэмжээний үзүүлэлт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх “Барих-Шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн жагсаалт, Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2019 онд сумдын орон нутгийн хөгжлийн санд олгох урамшуулал, дэмжлэгийн хэмжээг хавсралтаар тус тус баталсан юм.

Ц.Соёлмаа