Х.Нямбаатар 2018.11.12 | Vip76.mn

Залуу бөгөөд завгүй гишүүн

Парламентад суудал авч, төрд залуу үеэ төлөөлөн яваа УИХ-ын гишүүдийн нэг бол Х.Нямбаатар. 2016 оны парламентын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж, 12280 хүний санал аван ялалт байгуулсан нь түүнийг сонгуульд хамгийн олон хүний санал авч, олон түмний итгэлийг хүлээсэн гишүүдийн нэгд зүй ёсоор багтаана.

“Орхон” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, Цагдаагийн академид Хууль зүйн ухааны магистр, Удирдлагын академид Төрийн удирдлагын докторант, Хууль сахиулахын их сургуульд Хууль зүйн ухааны докторант зэргүүдийг хамгаалжээ. Товчхондоо тэрээр амьдралынхаа 7 жилийг хуулийн салбарыг судлахад зориулж, ажлын гараагаа ч Монголын өмгөөлөгчдийн холбоогоор эхлүүлж байсан нь өнөөдөр түүнийг хууль боловсруулж, батлуулах их ажилд дөрөө нь болж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нийт 4 хууль санаачилж, 5 хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллажээ

Сургуулийнхаа урдаа барьдаг оюутнуудын нэг байсан тэрбээр парламентад ч мөн идэвхтэй ажиллаж, хэд хэдэн хуулийн төсөл санаачлан УИХ-аар батлуулж амжжээ. Түүний санаачилсан хуулиудаас дурьдвал:

Хууль тогтоомжийн тухай хууль

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүнийхээ эрх, үүргийн хүрээнд боловсруулан, УИХ-д өргөн мэдүүлсэн анхны хууль бол “Хууль тогтоомжийн тухай хууль”. Анхны хэлэлцүүлгээрээ гишүүдийн 70 хувийн саналыг авч, ажмилттай батлагдсан тус хуулиар хуулийн төсөл боловсруулах үйл явцыг илүү боловсронгуй болгож, хуулийн хэрэгжилтэд анхааран, 5 жил тутамд үнэлгээ хийхээр болсон юм. Хууль тогтоогчид одоо Х.Нямбаатар гишүүний санаачилсан хуулийн дагуу хууль тогтоох ажлыг гүйцэлдүүлж байна.

Боловсролын тухай хууль

Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-аар батлуулсан энэ хуулиар Ерөнхий боловсролын сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг тухайн сум, дүүргийн Засаг дарга томилдог байхаар зохицуулсан. Тодруулбал эдгээр албан тушаалтныг өмнө нь сум, дүүргийнх нь биш Аймаг, Нийслэлийн Засаг дарга нь нь томилдог байсан. Ингэснээр боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарт үнэлгээ хийх, төсөвт хяналт тавих ёстой сум дүүргийн Засаг дарга нарын эрх нь хязгаарлагдмал болж боловсролын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй болсон юм. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ асуудлыг олж харан УИХ-ын гишүүн Д.Ганболдтой хамтран хуульд өөрчлөлт оруулснаар дээрх зөрчил арилах эрх зүйн боломж бүрдсэн байдаг.

Орон нутгийн босоо тогтолцоог зохицуулсан хуулиуд

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тэргүүтэй 7 гишүүн орон нутгийн босоо тогтолцоог зохицуулсан нийт 8 хууль өргөн барьсны 4 нь өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан. Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Ус, цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль зэрэг хуулиудад өөрчлөлт орсноор орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцоог сэргээж, төвлөрлийг сааруулах боломжтой гэж хууль санаачлагчид үзжээ. Ингэхдээ дээрх хуулиудад хамаарах мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо тухайн шатны Засаг дарга нь томилж байхаар өөрчилсөн байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль

Х.Нямбаатар нарын 14 гишүүний өргөн мэдүүлсэн энэхүү хууль одоогоор хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Одоо хүчин төгөлдөр хэрэгиж байгаа хуулиар зөвхөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал хамаарч байгаа бол шинэчилэн найруулсан хуулийн төсөлд ЗӨРЧЛӨӨС урьдчилан сэргийлэх асуудлыг нэмж өргөжүүлжээ. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой бүхий л шатны харилцааг нарийвчлан тусгасан байна. Уншигч танд гэж хэлэхэд Монгол Улсад өнгөрсөн онд гэхэд л улсын хэмжээнд 32 мянга 200 орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж, эрх зүйн хүрээг нь илүү тодорхойлсноор энэ тоо багасах боломжтой.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд хуулийн төсөл танилцуулж буй нь

Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн тэрээр тус хороонд хамрагдах томоохон хуулиудын ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, оффшорын  гэгдэх Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хэл ам дагуулдаг, томоохон хуулиудыг боловсронгуй болгоход залуу гишүүн гэлтгүй ханцуй шамлан зоригтой орж байсан. Үр дүнд нь ч Х.Нямбаатар гишүүнээр овоглодог эдгээр томоохон хуулийг УИХ-ын гишүүд дэмжиж, баталсан байдаг.

4 хууль санаачилж, 5 хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан нь түүнийг УИХ-ын залуу бөгөөд завгүй гишүүдийн нэг болгож байна.

Ачаалалтай ажиллаж, ард нь гарсан хуулиудаа тэр сайн ч хамгаалдаг. Хууль бүхэн Эрүүгийн болон Зөрчлийн хуультай холбогдох учир шинээр орж ирсэн хуулийн төсөл болгонд сөхөгдөж яригддаг дээрх хуулиудын зүйл заалт бүрийг Х.Нямбаатар гишүүн хамгаалж, хуульд нийцүүлэхийг шаарддаг.

Хууль эрх зүйн салбарын мэдлэгтэй Х.Нямбаатар гишүүн ганц парламентад идэвхтэй ажиллаад зогсохгүй энэ салбарын идээ, бээрийг шахаж гаргах, авлига хээл хахуулийг зогсоох, үгүй хийх зорилго өвөртөлсөн нь түүний сүүлийн үед ярьж хэлж байгаа үг, үйлдэл бүрээс нь харж болно. “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо шүүхийн байгууллагын талаарх “но”-г дэлгэсэн тэрээр: “Захиргааны хэргийн шүүгч нар хөрөнгөжсөн. Өнөөдөр дансандаа сая ам.доллартай шүүгч хүртэл бий. Би нэрийг нь хэлээд яах вэ. Тэр ч битгий хэл таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөгтэй шүүгч ч байсан. Бид ийм шүүгч нартай шударга ёс яриад яах юм бэ” гэсэн юм. Нэг хэсэгтээ л шуугиан тарьж, үр дүнд нь Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч нарынхаа хөрөнгө, орлогыг олон нийтэд ил тод болгож, албан ёсныхоо цахим сайтад байршуулсан юм.

Залуу, завгүй, зоригтой гишүүн Х.Нямбаатар улс төрийн хүрээллийнхнээсээ “онц” дүн авч, олны анхаарал дунд байдаг “топ 10” гишүүний нэгээр нэрлэгдэж байсан нь түүнийг цаашид улс төрд ирээдүйтэй, ритнг өндөртэй, хууль зүйн салбарт мэргэшсэн шилдэг улс төрч болохын илрэл гэж ард түмэн үнэлж байна.