Ц.Цогзолмаа 2018.11.13 | Үндэсний Шуудан

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ амралтын өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа энэ сарын 3-6-нд Ховд аймагт ажиллалаа.

Тэрбээр энэ хугацаанд Ховд аймгийн Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн, Ахмад багш нарын III зөвлөгөөнд оролцсон бөгөөд гурван суманд ажилласан юм. Ингэхдээ боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцахын зэрэгцээ салбарын багш, ажилтнуудтай уулзан тэдний санаа бодлыг сонсч, Засгийн газраас тус салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Ховд аймгийн Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөн боллоо

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөнийг “Соёл урлаг-Орон нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Тус зөвлөгөөний зорилго нь соёл урлагийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлэх, соёлын өвийг өвлүүлэн уламжлуулах, хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын ажилтны мэдлэг, чадварыг дээшлүүлэх, тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Зөвлөгөөнд 16 сумын Засаг дарга, Соёлын төвийн эрхлэгч, соёлын өвийн ажилтан, Соёлын төвийн хөгжмийн багш, номын санчид болон аймгийн Хөгжимт драмын театр, музей, нийтийн номын сангийн удирдлагууд, уран бүтээлчид, соёл урлагийн ажилтнуудын төлөөлөл болох 170 гаруй хүн оролцов. 

Энэхүү зөвлөгөөний нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас гадна Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын Урлаг, уран бүтээлийн хэлтсийн дарга Г.Батхуяг, аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга М.Пүрэвхүү, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Долгорсүрэн, МУСГЗ Ц.Дамбадаржаа нар оролцож, зөвлөгөөний үйл ажиллагаа, орон нутгийн соёл урлагийн салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох хэлэлцүүлэгт зөвлөмж өгч, амжилт хүссэн юм.

Ховд аймгийн Дөргөн сум ирэх онд шинэ Соёлын төвтэй болно

Соёлын ажилтны анхдугаар зөвлөгөөний нээлтийн дараа БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус аймгийн Дөргөн, Мянгад, Буянт сумдад ажиллалаа.

Тэрбээр сумдын боловсрол, соёл урлагийн байгууллагуудын ажил байдалтай биечлэн танилцаж, багш, ажилтнуудтай уулзан Засгийн газраас боловсрол, соёл урлагийн салбарт баримталж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав. Ховд аймгийн Дөргөн сум 724 өрх, 2885 хүн амтай бөгөөд уламжлалт ахуй, соёл, зан заншлаараа улсын хэмжээнд өвөрмөцөд тооцогдох дөрвөд ястан нийт хүн амын 99.6 хувийг эзэлдэг байна.

Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 480 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 623 хүүхэд суралцдаг байна. Тус сургууль үндсэн багш 40, нийт 67 хүний бүрэлдэхүүнтэй, хоёр хичээлийн байр, нэг дотуур байртайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сумын цэцэрлэг 1979 онд байгуулагдсан бөгөөд долоон бүлэг, 28 багш ажилтантай, 213 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах ёстой 303 хүүхэд байдгаас 88 хувийг сургуулийн өмнөх боловсролд хамруулдаг хэмээн сумын удирдлагууд танилцуулав.

Ирэх онд 40 жилийн ойгоо тэмдэглэх тус цэцэрлэг гал тогооны тоног төхөөрөмж, дуу хөгжмийн кабинетын тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом наадгай зэрэг дотоод тохижилтын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.

Сумын Соёлын төв 1959 онд Улаанбулан нэртэйгээр байгуулагдаж байсан бол 2000 оноос Соёлын төв болон өргөжсөн. Энэ оны төсвийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвийн барилга баригдаж байгаа бөгөөд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Соёлын төвийн барилгатай биечлэн танилцаж 2019 оны гуравдугаар улиралд багтааж ашиглалтанд оруулахыг гүйцэтгэгч компанид үүрэг болголоо. Ингэснээр Дөргөн сум ирэх онд 1300 орчим ам метр талбайтай хоёр давхар, орчин үеийн шийдэлтэй Соёлын төвтэй болох юм.

Ховд аймгийн Мянгад сум 150 ортой шинэ цэцэрлэгтэй болно

Тус аймгийн Мянгад сум 1924 онд байгуулагдсан, 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг гэгддэг.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сумын төвд шинээр баригдаж буй цэцэрлэгийн барилгын үйл явцтай танилцаж мөн салбарын багш, ажилчидтай уулзлаа. Ирэх онд шинэ цэцэрлэг ашиглалтанд орсноор 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болно. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй хуучин цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч 117 хүүхэд хүмүүжиж байгаа аж. Сумын хэмжээнд сургуулиас өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-6 насны 400 гаруй хүүхэд байдаг гэлээ.

Банзаржавын Баасанжавын нэрэмжит улсын тэргүүний сургууль 1930 онд байгуулагдаж байсан. Өдгөө 32 багш, 28 ажилчин, 480 хүүхэдтэй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Сургуулийн дотуур байранд 90 орчим хүүхэд хүмүүжиж байна. Сургуулийн одоогийн барилга 1975 онд ашиглалтанд орсон. Спорт заалгүй.

Нэг удаа урсгал засвар хийгдэж байснаас өөрөөр засвар хийгдэж байгаагүй аж. Тиймээс сумын удирдлагууд спорт заал болон сургуулийн их засварын санхүүжилтийн асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүсэв.

Буянт сумын багш, ажилчид, спорт, соёл урлагийн салбарынхантай уулзлаа

Буянт сум аймгийн төвдөө хамгийн ойр орших сумдын нэг. Сумын нутаг дэвсгэрээр улсын чанартай засмал авто зам дайрч өнгөрдөг,

Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон зэрэг дэд бүтцийн давуу талуудтай, газар тариалангийн бүс нутаг юм. Нийт хүн ам 2871 бөгөөд үүнээс ерөнхий боловсролын сургуульд 450 гаруй хүүхэд, сургуулиас өмнөх боловсролд 93 хүүхэд тус тус хамрагдаж, их дээд сургууль, коллежид тус сумын харъяат 110 оюутан суралцаж байгааг сумын удирдлагууд хэллээ. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Буянт сумын багш ажилчид, спорт, соёл, урлагийн салбарын ажилтнуудтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсч мөн Засгийн газар болон БСШУСЯ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Ховд аймгийн ахмад багш нарын III зөвлөгөөн боллоо

Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, аймгийн “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбоо хамтран “Ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн”-ийг энэ сарын 5-нд зохион байгууллаа.

Боловсролын салбарын хөгжилд ахмад багш нарын оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг сонсох, идэвх санаачилгыг дэмжих, сурган хүмүүжүүлэх арга туршлагыг нь залуу үеийнхэнд өвлүүлэх зорилготой уг зөвлөгөөнд 200 гаруй ахмад багш оролцож, санал бодлоо илэрхийлж, туршлага, мэдээлэл солилцсон юм.

Зөвлөгөөнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, “Эрдмийн оргил” ахмад багш нарын холбооны тэргүүн Б.Шоовдой болон бусад удирдах ажилтнууд оролцож, боловсролын салбарт төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, орон нутгийн боловсролын хөгжлийн чиг хандлага, өнөөгийн төлөв байдал, ахмад багш нарын оролцооны талаар мэдээлэл хийж, мэндчилгээ  дэвшүүллээ.

Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Боловсролын салбарын өнөөгийн хүрсэн үр дүн, хөгжлийг ахмад багш нарынхаа оролцоогүйгээр төсөөлөх боломжгүй. Тиймээс тэтгэвэртээ гарсан гээд ахмад багш нараа бид орхиж болохгүй. Тэдний мэдлэг, туршлага, арга зүйн зөвлөгөө залуу үед хэрэгтэй учраас салбар яамнаас ахмад багш нартайгаа нягт хамтран ажиллах бодлого баримтлан ажиллаж байна. Тиймээс төрөлх нутгийн маань ахмад багш нарын гуравдугаар зөвлөгөөн аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буйд талархалтай байна. Ахмад багш нарынхаа гүйцэтгэж ирсэн үүргийг хүндэтгэж цаашид ч хамтран ажиллаж, тэднээсээ суралцаж мөн ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх нь энэ салбарын нэг үнэт зүйл байх ёстой гэдэг агуулгаар энэхүү зөвлөгөөнийг дэмжиж, хамтран ажиллаж байна” гэлээ.

Ахмад багш нарын зөвлөгөөний үеэр боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад багш нарын хөдөлмөр зүтгэлийг үнэлж нэр бүхий ахмад багш нарт салбарын яамны шагнал, аймгийн ИТХ, Засаг даргын өргөмжлөл, талархлын бичиг гардуулав. Ховд аймгийн ахмад багш нарын зөвлөгөөнийг дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.

Ховд аймгийн багш нар “Дижитал сургууль” сургалтад хамрагдав

Боловсролын салбарын судлаач, эрдэмтдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг асуудал нь боловсролын үйлчилгээний тэгш бус байдал юм.

Ялангуяа боловсролын байгууллага хаана байршиж байгаагаас хамааран сургалтын чанар ялгаатай байгаа явдал нь багш нарын мэргэшиж хөгжих боломж, сургалтын хэрэглэгдэхүүний баяжилт, хичээлээс гадуур сурч хөгжих бодит боломж зэрэг олон хүчин зүйлээс хамаарч байна.

БСШУСЯ-аас энэ асуудалд онцгойлон анхаарч, сургалтын чанар, үр дүнгийн зөрүүг багасгах талаар судалгаа, эрэл хайгуул хийж байгаа бөгөөд сургалтад мэдээллийн технологийг түлхүү ашиглаж, тэгш хүртээмжтэй боловсролыг дэмжих зорилгоор Сингапур Улсын “Allin Technologies Pte Ltd” компанитай хамтран “Дижитал сургалт” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн гэрээнд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурж, зургадугаар сард албан ёсны нээлтийг Улаанбаатар хотноо хийсэн. Мөн өнгөрсөн сард 21 аймаг, есөн дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга нарыг Сингапур Улсад туршлага судлах сургалтад хамруулсан байна.

Хөдөө орон нутагт хамгийн анх тус төслийг хэрэгжүүлэх аймгаар Ховд аймгийг сонгосон бөгөөд сургалтад Ховд аймгийн сум, аймгийн төвийн бага анги, цэцэрлэг, мэдээллийн технологийн нийт 69 багш хамрагдаж байна. Сургалт гурван өдөр үргэлжилсэн бөгөөд хичээлийг сонирхолтой арга зүйгээр удирдах, үр дүнтэй зохион байгуулах болон мэдээллийн технологийг сургалтад ашиглах чиглэлээр багш нарыг бэлтэх юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сургалтыг нээж хэлсэн үгэндээ

“Энэ сургалтын ач холбогдлыг бид их өндрөөр үнэлж байгаа. Учир нь, сургууль хаана байрлаж байгаагаас үл хамаараад, хүүхэд хаана сурч байгаагаа үл шалтгаалаад бүх хүүхдүүдэд сургалтын чанар, хүртээмж тэгш хүрэх ёстой. Харамсалтай нь, өнөөдөр алслагдсан аймаг орон нутаг, Улаанбаатар хотын тухайд захын дүүргүүдэд сургалтын чанар муу байна гэсэн судалгааны дүн гарсан. Тиймээс дижитал сургалтын орчин бүрдүүлэх ач холбогдол нь сургууль, багш нар хаана байгаагаас үл хамааран цахим орчноор дамжуулан сургалтыг, боловсролыг бүх хүүхдэд тэгш хүртээмжтэй хүргэх анхны суурийг тавьж өгөх явдал юм. Сингапур Улстай хамтарч энэхүү төслийг хэрэгжүүлж байгаагийн шалтгаан нь Сингапур Улс энэ сургалтынхаа чанараар дэлхийн олон улсаас өндөр үнэлгээ авсан байдаг. Ер нь Сингапур Улс боловсролын чанараар дэлхийд тэргүүлдэг улс. Сургалтад хамрагдсанаар багш нар маань 21-р зууны дижитал эриний дэлхийн иргэнийг бэлтгэх хөрс суурийг тавина гэдэгт итгэж байна” гэлээ.

Энэхүү төслийн үр шимийг Улаанбаатар хотын гэр хороолол, хөдөөгийн сум, баг дахь ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн 300 сургууль, цэцэрлэг, 5000 багш, 100000 хүүхэд хүртэнэ.

Ховд аймгийн ХДТ-ын өвөл цагийн уран бүтээлийн нээлт боллоо

Монгол Улсын АЖ, төрийн шагналт Ж.Чулууны нэрэмжит “Алтангадас одонт” Ховд аймгийн Хөгжимт драмын театрын 81 дэх жилийн “Өвөл цагийн уран бүтээл”-ийн нээлт аймгийн Хөгжимт драмын театрын урд талбайд боллоо. Энэ жилийн өвөл цагийн уран бүтээлийн нээлт нь ардын жүжигчин, төрийн шагналт Ж.Чулууны мэндэлсний 90 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог юм.

Театрын уран бүтээлийн нээлтэд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, төрийн соёрхолт, АЖ Ж.Чулууны хүү МУУГЗ Ч.Чинбат болон театрын ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчдийн төлөөлөл оролцов. Энэ үеэр МУУГЗ Ч.Чинбат “Нар ээсэн энэ сайхан өдөр аавын маань нэрэмжит театрын нээлт болж байна. Энэ театрт Монголын олон ястан, үндэстний соёл, тэдний дуу хөгжим шингэсэн, хадгалагдаж буйгаараа хайрлах ёстой, хүндлэх ёстой театр. Миний хувьд Монголын Улсын Консерваторийн багш, уран бүтээлчид, оюутнуудтайгаа, уран бүтээлтэйгээ ирж оролцож байна. Дээрээс нь яамны сайд ирж өөрийн хүндэтгэлийг үзүүлж байгаад талархалтай байна” гэлээ. Энэ үеэр соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан хөдөлмөрлөж яваа театрын уран бүтээлч П.Насан-Очир, Х.Амаржаргал нар “МУСТА” цол тэмдэг, Д.Төгөлдөр, Д.Алтансүх, М.Болормаа нарыг БСШУСЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр тус тус шагналаа.

Ховд их сургуульд ажиллалаа

Өдгөө 39 дэх жилдээ боловс­ролын үйлчилгээ үзүүлж буй Ховд их сургууль 2004 онд бие даасан төрийн өмчийн их сургууль болсон бөгөөд хоёр бүрэлдэхүүн, нэг салбар сургуультай. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 2618 оюутан, 150 гаруй багш, 100 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн удирдлагууд салбар яамнаас явуулж буй бодлогын хүрээнд 2017-2020 оны хөгжлийн төлөвлөгөөндөө сургалтын их сургуулиас судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавин ажиллаж байна гэлээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа удирдлагын багийн зүгээс явуулж буй бодлого, үйл ажиллагаатай танилцан цаашид үйл ажиллагаагаа идэвхижүүлж, удирдлагын менежментээ сайжруулж ажиллах үүрэг, чиглэл өглөө.

Ховд аймгийн СӨБ-ын хүртээмж 82 хувьтай байна

Нийслэл Улаанбаатар бүү хэл хөдөө орон нутагт хүртэл цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг.

Тэдгээрийн нэг Ховд аймгийн Жаргалант сум (аймгийн төв)-ын 10 дугаар цэцэрлэг, гэр цэцэрлэг ажиллуулаад 10 жил болж байгаа аж. Тус цэцэрлэгт 223 хүүхэд хүмүүжиж байгаагийн тал нь байранд, тал нь гэр цэцэрлэгт хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албаны бусад хүмүүсийн хамт биечлэн танилцсан бөгөөд цэцэрлэгийн багш, удирдлагууд 100 ортой цэцэрлэгийн өргөтгөл шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.

Үүний дараа БСШУС-ын сайд Наран багт баригдаж буй ясли цэцэрлэгийн цогцолборын барилгын үйл явцтай танилцлаа. 225 ортой тус цогцолбор 2019 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох аж. Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 8866 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 6979, хувилбарт сургалтаар 708 хүүхэд  хамрагдаж байгаа аж. Хөдөөгийн 16 сумын 53 багт гэр цэцэрлэг ажиллаж хувилбарт сургалтаар 708 хүүхэд  хамрагдаж, малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1589 хүүхдийн 969 нь малчин өрхийн хүүхдүүд бөгөөд сумдын гэр цэцэрлэгийн тоог 40-өөр  нэмснээр хүүхдийн хамралт 800-аар нэмэгдэж, хамралтын хувь 92 хувьд хүрнэ гэдгийг Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү хэллээ.