М.Нармандах: Хүнсний салбарын бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулна

М.Нармандах: Хүнсний салбарын бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулна

Монголын Хүнсчдийн холбоо байгуулагдаад 27 жилийн нүүр үзэж байна. Ард иргэдийн амин чухал хэрэглээ болсон хоол хүнсний салбарынханыг эгнээндээ нэгтгэсэн энэ байгууллага өнгөрсөн хугацаанд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспорт, аюулгүй байдал цаашлаад хүнсний хууль эрх зүйн хувьд сайжруулах ажлуудыг тасралтгүй хийсээр иржээ.

Тус холбоо өнгөрөгч зургадугаар сард Их хурлаа хийж шинэ удирдлагаа томилоод байна. Холбооны Гүйцэтгэх захирлаар томилогдсон М.Нармандахтай цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцлаа. Тэрээр ажлаа аваад удаагүй ч холбооныхоо үйл ажиллагааг шинэчлэхээр олон ажлыг хийж эхэлжээ.

-Монголын Хүнсчдийн холбооны Их хурал өнгөрсөн зургаадугаар сард болсон. Хурлаас ямар шийдвэрүүд гарсан вэ?

-Их хурлаар Холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн холбооныхоо Ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгосон. Тус холбоо нь Бага хуралгүй болж, Их хурлын хооронд Удирдах зөвлөл бүрэн эрхтэй ажиллана. Удирдах зөвлөлийн 15 гишүүнийг нэмж 27 гишүүнтэй болгосон, Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулж авах гэх мэтчилэн шийдвэрүүдийг гаргалаа..

-Танай Холбооны алсын хараа, хүрэхээр тэмүүлж буй зорилго юу вэ? эндээс хоёулаа яриагаа эхэлье.

МХХ-ны алсын хараа нь “Монгол Улсын хүнсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд Засгийн газар, төрийн бодлогод нөлөөлөхүйц чадварлаг, олон улсын түвшинд танигдсан, гишүүдийн итгэл үнэмшлийг хүлээсэн Үндэсний хэмжээний мэргэжлийн төрийн бус байгууллага болно” гэж тодорхойлсон байдаг.

МХХ нь хүнсний салбарын тэргүүлэгч, мэргэжлийн ууган холбооныхоо хувьд хүнсний салбарын бодлогыг тодорхойлогч байя гэж байгаа. Энэ хүрээнд зорилго, зорилтоо тодорхойлоод, үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна.

Нэн түрүүнд ямар ажлууд хийж байна вэ?

Сүүлийн жилүүдэд Засгийн газар тогтворгүй байгааг дагаад мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд мэргэшин ажиллаж чадахгүй байна. Тиймээс МХХ-ны Удирдах зөвлөлөөс ажлын хэсэг байгуулагдаад, хүнсний салбарын бодлого, стратеги төлөвлөгөө боловсруулж эхлүүлээд байна.

Монгол улсад өнөөдөр Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, “Хүнсний аюулгүй байдлыг хангах салбар дундын стратеги /2016-2021/ гэсэн бодлогын баримт бичгүүд байгаа боловч хэрэгжилтийг зөвхөн төрийн байгууллагууд л ханган ажиллахаар тусгагдсан байдаг.

Үнэндээ үйлдвэрлэгчдийн нуруун дээр хүнсний салбар хөгжиж байна. Ийм учраас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа юм.

Өөрөөр хэлбэл МХХ-ны стратеги төлөвлөлтийг гаргахын тулд Монгол улсын хүнсний салбарын бодлого, стратегийг бүхэлд нь тодорхойлон гаргаж ирэх шаардлагатай байна.

Энэ бодлого, стратегийг гаргасны дараа МХХ ямар үүрэг гүйцэтгэж, хэрхэн оролцох? холбогдох төрийн байгууллагууд, бусад төрийн бус байгууллагууд, хүнс үйлдвэрлэгчид, малчид, саалчид, тариаланчид, худалдаачид, хэрэглэгчид тус бүр ямар эрх үүрэгтэй хэрхэн оролцож, яаж хамтын уялдаа холбоог ханган ажиллах вэ гэдгийг тодорхойлон тусгаж өгнө.

Ингэснээр бодлого илүү амьдралд бодитой хэрэгжинэ гэж үзэж байна. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал хүнсний салбарт томоохон дэвшил гарах боломжтой.

-Энэ үнэхээр чухал ажил байна. Салбарын хамгийн том ТББ-ын хувьд зайлшгүй хийх ёстой ажил байна. Бодлогыг хэдий хугацаанд боловсруулж гаргахаар төлөвлөж байна вэ?

Манай МХХ-д үе үеийн чадварлаг, боловсон хүчний нөөц их байгаа, Монгол улсдаа ч тэргүүлэх топ менежерүүд байдаг. Тиймээс энэ бодлого, стратегийг боловсруулах хүний нөөц, чадамж хангалттай гэж үзэж байгаа. Холбооны гишүүд маань ч энэ ажилд маш идэвхтэй оролцож, тал талаасаа их идэвх зүтгэл гаргаад явж байна.

Бидний боловсруулж байгаа хүнсний салбарын бодлого, стратегийн баримт бичгийн эхний төсөл нь энэ оны арван нэгдүгээр сарын сүүл гэхэд бэлэн болно. Ингээд бид бүх талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, саналаа солилцоно, уулзалтуудыг хийнэ. Энэ нь хүнсний салбарын түүхий эд бэлтгэлээс эхлүүлээд хэрэглэгч хүртэлх бүх үе шатны оролцогчдыг хамруулна гэсэн үг.

МХХ-д бодлого, стратегийг боловсруулах хүний нөөц, чадамж хангалттай гэж үзэж байгаа.

-Яагаад энэ баримт бичгийг нэн түрүүнд гаргах ёстой гэж үзсэн юм вэ?

Шийдвэр гаргах түвшинд гаргаж байгаа олон баримт бичиг, төсөл хөтөлбөрүүд байдаг. Гэсэн ч тэдгээр нь хоорондоо нягт уялдаа холбоо муутай, зарим заалтууд хоорондоо давхцах, эсвэл зөрчилдөх нь байдаг. Тэгэхээр энэ алдааг дахиж гаргуулахгүйн тулд энэ стратеги, төлөвлөгөөг боловсруулж байгаа юм. Төрийн бодлогын хэрэгжилт хөрсөн дээр буусан, амьдралд нийцсэн, уялдаа холбоо сайтай байна гэсэн үг. Яагаад гэвэл дороосоо, салбарынханаас өөрсдөөс нь гарч ирж байгаа бодлого юм.

- Өнөөдөр МХХ хэдэн гишүүн байгууллагатай болсон бэ?

Улсын хэмжээнд нийт 330 гаруй томоохон хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд гишүүнчлэлтэй байдаг. Орон нутагтаа 18 аймагт салбар зөвлөлтэй. Сүүлийн хэдэн сарын хугацаанд хүнсний чиглэлийн 6 төрийн бус байгууллага нэг далбаа доор хамтран зүтгэхээр манай холбоонд нэгдэн ороод байна.

Үүнээс гадна МХХ маань Хүнсний Аюулгүй Байдлын Үндэсний Зөвлөлийн гишүүн байгууллага.  Мөн Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарчилал хэмжилзүйн газар гэх мэтчилэн холбогдох төрийн байгууллагууд, бусад төрийн бус байгууллагуудтай хамтран ажилладаг.

-Монгол хүний хүнсний аюулгүй байдал гэдэг бол хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна шүү дээ. Та бүхний боловсруулж байгаа стратеги төлөвлөлт дотор энэ асуудал хэрхэн тусгагдах вэ?

Хүнсний аюулгүй байдал нэг том бүлэг болон орж байгаа. Энэ маш чухал асуудал. Хүнсний аюулгүй байдал бол зөвхөн мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар, үйлдвэрлэгчдийн хариуцах ажил биш юм. Худалдаалагчид, хэрэглэгчид ч оролцогч талууд шүү дээ.

Ер нь гэр бүлийн хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг ээжүүд хариуцдаг, тэд сонголтыг хийдэг. Тэгэхээр тэдэнд зориулаад ямар бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хадгалж хэрэглэх, хүнсний зөв зохистой хэрэглээний боловсролыг дээшлүүлэх, мэдээлэл түгээх зорилт тавьж байгаа.

Манай холбоо НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна. НҮБ-ын ХХААБ-аас 

"Дэлхийн хүнсний өдөр"-ийг 38 дахь жилдээ "Өлсгөлөнгүй дэлхий-2030" уриатайгаар дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүллээ. Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрээр,  хүнсний салбарын гинжин хэлхээнд ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүс нэг завин дээр сууж байгаа учраас нэгэн сэтгэлээр хамтын ажиллагааг өрнүүлэн Монгол улсдаа "Өлсгөлөнгүй дэлхий-2030" урианд нэгдэхийг уриалга болголоо.

Мөн энэ үеэр "Хүнсний аюулгүй аюулгүй байдал-Хүнсний экспорт" эрдэм шинжилгээний бага хурал, "Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье" арга хэмжээ,  ЕБДС-ийн сурагчдын дунд "Эссэ бичлэгийн уралдаан" зэрэг арга хэмжээнүүд болж, шилдэгүүдээ тодруулсан.

Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд үйлдвэрчлэгчдийн зүгээс ямар ажил хийж байна вэ?

Хүнсний аюулгүй байдлыг хангахад үйлдвэрлэгчдийн зүгээс голлох үүрэг гүйцэтгэдэг хүнсний үйлдвэрүүдийн лабораторийн шинжээч нарыг чадавхижуулах зорилгоор манай холбооны дэргэд “Шинжээчдийн клуб” байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна.

Төрийн бодлогын хэрэгжилт хөрсөн дээр буусан, амьдралд нийцсэн, уялдаа холбоо сайтай
-Мэргэжлийн холбоод төрийн зарим чиг үүргийг, тухайлбал тусгай зөвшөөрөл олгох зэрэг ажлыг гүйцэтгэж байдаг. Танай зорилт дотор төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгэх гэсэн зорилт багтсан байна. Одоо гүйцэтгэж байгаа чиг үүрэг бий юу? Цаашид ямар чиг үүргийг гүйцэтгэхийг зорьж байна вэ?

-Бусад зарим мэргэжлийн холбоод шиг тусгай зөвшөөрөл олгох чиг үүрэг одоогоор манай холбоонд байхгүй. Бид энэ чиглэлийн төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа. Мөн Олон улсын баталгаажилтын байгууллагатай хамтран Органик бүтээгдэхүүн, Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо, НАССР, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлэхэд зөвлөхөөр ажиллах, баталгаажуулах зорилт тавин ажиллаж байна.

- Гадаад хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна?

- Гадаадын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай холбогдож, хамтын ажиллагаа эхлүүлж байна. Ази Номхон далайн бүс нутгийн хэмжээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүлнэ. Дэлхий нийтийн хандлага нэгдсэн сүлжээнд орчихсон байна.

Жишээ нь, бид махаа Вьетнам улс руу гаргадаг байлаа гэхэд, Вьетнамаас цагаан будаа авч зах зээлээ хангах энэ харилцааг хэлээд байгаа юм л даа. Тиймээс бүсийн хэмжээний хамтын ажиллагаа бол нилээд ач холбогдолтой. Энэ чиглэлээр Ази Номхон далайн бүс нутгийн 2 жил тутам болдог Парламентын чуулганаар тогтоолууд оруулж, батлуулах боломж байгаа гэж харж байгаа.

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргалтай УИХ-ын гишүүн, Монголын Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, МХХ-ны Гүйцэтгэх захирал М.Нармандах, Гадаад харилцааны менежер Э.Энхцэлмэг нар 2018 оны 10 сарын 29-ны өдөр уулзалт хийлээ.

Үзэсгэлэн худалдаанууд дээр бид их ач холбогдол өгч байгаа. Монгол улсдаа МХХ-ны гэсэн нэртэй үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөж байна. Мөн Шанхай, Герман гээд бусад улсад тогтмол болдог томоохон үзэсгэлэн худалдаануудад компаниудаа зохион байгуулж оролцуулах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлсэн. Мөн Хөрш зэргэлдээ улс орнуудын хүнсний үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг ч өргөжүүлнэ

УИХ-ын гишүүн, МХХ-ны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагвын санаачилсан “Ажилсаг Монгол” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хүнсний салбарын боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр түлхүү гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж эхлээд байгаа.

Одоогоор Чехийн Агпарма гээд 16 оронд өөрийн салбартай, 250 гаруй томоохон компанийг нэгтгэсэн консорциумтай хамтын ажлаа эхлээд байна.

Мөн “Чех-Монголын хамтын ажиллагааны нийгэмлэг”-тэй “Мэргэжилтэй ажилтан бэлтгэх” чиглэлээр санамж бичиг байгуулаад байна. 

Энэ хүрээнд Чех улсад хүнсний боловсруулах үйлдвэрийн мэргэжилтэй ажилтан дадлагажуулах (1-3 сарын хугацаатай) боломж бүрдэж байгаа.

Харин 1-2 жилийн хугацаагаар ажиллах бол цаад компаниас цалинжиж, тэндээ амьдрах нөхцөлтэй байгаа. Ер нь бид боловсон хүчнээ бэлтгэх чиглэлээр нилээд өөрчлөлт хийж, шинэлэг байдлаар ажиллахаар төлөвлөж байна.

Гишүүн үйлдвэрийнхээ ажилчдын мэргэшлийг гадаад, дотоодод дээшлүүлэх, харилцан туршлага судлах зорилгоор мэргэжлийн клубууд байгуулж байна.

- Мэргэжлийн клубууд байгуулж байгаа нь их шинэлэг санагдаж байна. Ямар ямар клуб байна вэ?

Холбооны гишүүн байгууллагуудын дунд санал асуулга явуулсан. Эндээс Менежерүүдийн клуб, Маркетингийн менежерүүдийн клуб, Шинжээчдийн клуб, технологчдийн клуб байгуулах санал хамгийн өндөр үнэлгээ авсан.

Үүнээс эхний ээлжинд Шинжээчдийн клуб байгуулагдаад, эхний уулзалтаа хийсэн.

Шинжээчид бол үйлдвэрийн лабораторт шинжилгээ хийдэг. Тэд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, шинэ бүтээгдэхүүн гаргахад хамгийн гол нөлөөтэй байдаг. Тийм учраас энэ клубын үйл ажиллагааг хамгийн түрүүнд эхлүүлэн туршиж байна.

Тэдний ажлын онцлог нь зөвхөн лаборатортоо л ажилладаг, бусадтайгаа туршлага судлах, мэдээлэл солилцох боломж бага. Нөгөө талаараа яг энэ чиглэлийн сургалт цөөн байдаг учраас хамгийн түрүүнд энэ мэргэжлийн клубыг ажиллуулахыг чухалчилсан. Эхний уулзалтын дараа мэргэжилтэнүүд маань маш сэтгэл хангалуун, клубт нэгдэх хүсэлт их ирж байна. Цаашид бид үүгээр тогтохгүй инженерүүд, технологичид гээд нарийн мэргэжлүүдээр клуб байгуулан ажиллуулна.

-Цаашид клубын үйл ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ? Жишээ нь шинжээчдийн клуб дээр тулгуурлан яривал?

- Шинжээчид маань өөрсдийн лабараторийн танилцуулгыг бусаддаа танилцуулна. Ингэснээр бусадтайгаа туршлага солилцох, нөгөө талаасаа өөрт байхгүй багажтай бусад үйлдвэрүүдээ мэдэх, очиж шинжилгээ хийлгэх боломжтой болно.

Мөн цаашилбал бид лабораторуудаа төрөлжүүлэх боломжтой болох юм л даа. Тодруулбал, нэг үйлдвэрийн лабораторит нарийн мэргэжлийн шинжилгээг төгс сайн хийдэг сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж, мэргэжилтэй боловсон хүчинтэй, итгэмжлэгдсэн байвал бусад үйлдвэрүүд бүтээгдэхүүний шинжилгээг энэ лабораторит өгдөг болох юм. Манай хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний нарийн мэдрэмжит багаж тоног төхөөрөмж нь их үнэтэй байдаг учраас зэрэгцээ үйлдвэрүүд өөр өөрийн лабораторитоо адилхан шинжилгээг хийх багаж авч ажиллах нь үр ашиг муутай. Харин өөр шинжилгээний багаж авч мэргэшин ажиллах нь ач холбогдолтой байна. Олон улсад ч ийм жишиг байгаа.

цаашилбал бид лабораторуудаа төрөлжүүлэх боломжтой болох юм.

Үнээс гадна сургалтууд, танилцах аялал зохион байгуулна. Энэ клубын систем бол мэргэжил дээшлүүлэхэд хамгийн үр өгөөжтэй хувилбар санагдаж байгаа.

Ингэхгүй бол компаниуд бие биенээ өрсөлдөгч гэдэг байдлаар харж, хандаад тэр хэмжээгээр улс орны хөгжил удаашраад байна шүү дээ. Тиймээс бид тухайн компанийн эрх ашгаас илүү хүнсний салбар, цаашлаад Монгол улсын хэрэглэгчдийн эрх ашиг илүү ач холбогдолтой гэдэг дээр ойлголцоод явж байна. Салбарынхан маань ч үүнийг санал нэгтэй дэмжиж байгаа. Дараагийн удаа бид Маркетингийн менежерүүдийн клубийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэж байна.

-МХХ-ны зорилтод ажил дотор “Мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэсэн зорилт байна. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?

Холбооны дэргэд хүнсний салбар бүрээр мэргэжлийн зөвлөл үйл ажиллагаа явуулдаг. Үүн дээр нэмээд МЭРГЭШСЭН зөвлөх багийг байгуулж байгаа.

Бид 6 чиглэлээр зөвлөх багийн үйлчилгээ үзүүлэх гэж байна. Үүнд, Хүнсний бодлого, хууль эрх зүйн зөвлөх баг, Хүнсний аюулгүй байдал Менежментийн зөвлөх баг, Техник, технологийн зөвлөх баг, Төсөл, судалгааны зөвлөх үйлчилгээний баг, Маркетингийн зөвлөх баг, Ахмад инженерүүдийн зөвлөх баг гэсэн багууд байгаа.

Зөвлөх багууд маань холбооны дэргэд орон тооны бус байдлаар ажиллана. Хүнстэй холбоотой хууль, эрхзүйн чиглэлийн асуудал гарахад зөвлөх багаараа ажиллаж, саналаа өгөх юм.

Түүнчлэн, Хүнсний аюулгүй байдал менежментийн зөвлөх баг гэж байгаа. Энэ баг хүнсний үйлдвэрүүдэд, дотоод хяналт тавихаас эхлээд чанарын удирдлагын тогтолцоо ISO 22000, ISO 9001, НАССР, GMP, GHP-ийг үйлдвэрүүд нэвтрүүлэхэд дэмжлэг өгнө. Эдгээр зөвлөх багууд маань гишүүн компаниуддаа харьцангуй хямд үнээр үйлчилгээ үзүүлнэ. Гэхдээ гишүүн биш компаниуд ч манай зөвлөх багаас үйлчилгээ авах боломжтой, нээлттэй. Манай зөвлөх багт одоогоор 20 гаруй хүн байна. Эдгээр хүмүүс нь энэ мэргэжлээрээ Монголын хамгийн топ гэсэн мэргэжилтнүүд багтаж байгаа.

Үйлдвэрийн инженер технологийн зөвлөх баг байгаа. Энэ баг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, техник технологийн шинэчлэлт хийх зэрэг энэ чиглэлийн ямар л хэрэгцээ шаардлага байна тэр чиглэлд нь манай зөвлөна. 

Мэргэжлийн бус хүмүүс хүнсний чиглэлийн үйлдвэрлэл, бизнес эрхлэх гээд анхны мэдэгдэхүүнгүйгээр явж байдаг. Мөн үйлдвэрээ өргөжүүлэх төсөл боловсруулах, эсвэл зээл авахад төсөл бичүүлэх хэрэгцээ гарч ирдэг. Тэгвэл манай зөвлөх баг бүх талын зааварчилгаа, зөвлөгөөг өгнө. Мөн тендерт оролцох гээд компаниуд төсөл бичихэд нь мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Мэргэшсэн зөвлөх үйлчилгээг ямар ямар чиглэлээр авах боломжтой вэ?

  • Хүнсний салбарын нэгдсэн суурь судалгаа хийж, хүнсний бүхий л сүлжээг хамарсан салбарын бодлогыг оновчтой тодорхойлон гарган, статистик шинэчлэл тогтмол хийдэг мэдээллийн баазтай болно.
  • Гишүүн үйлдвэрлэгч нарт Чанарын удирдлагын тогтолцоо ISO 22000, ISO 9001,НАССР, GMP, GHP зөвлөх үйлчилгээ үзүүлэх
  • Хүнсний салбарт зарлагдсан Зөвлөх үйлчилгээний тендерүүдэд оролцож, мэргэжлийн өндөр түвшинд зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллана.
  • Орон нутгийн хүнсний үйлдвэрүүдийг бэхжүүлэх, чадваржуулах чиглэлээр нэгдсэн төлөвлөгөө гаргаж, төсөл хөтөлбөрт хамруулах, мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
  • Гишүүд болон жижиг, дунд үйлдвэрлэгчдэд техник, технологийн шинэчлэл хийх, төсөл, ТЭЗҮ боловсруулах, зээл авах зэрэгт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө.
  • Салбарын эрдэм шинжилгээ судалгааны байгууллагуудыг түшиглэн, инноваци нэвтрүүлэх, бүтээгдэхүүний судалгаа хийж, бойжуулахад бодлого, зохион байгуулалтын дэмжлэг үзүүлнэ.

-Яг өнөөдөр хүссэн компани дээрх Мэргэшсэн зөвлөх үйлчилгээний багт захиалга өгөх боломжтой юу?

-Боломжтой. Манай хүнсний салбарын аль ч зөвлөгөөг авахаар хандаж болно. Эдийн засгийн суурь судалгаануудыг хийлгэх боломжтой. Зөвлөхүүд туршлагатай. Маркетинг, хэвлэл мэдээллийн зөвлөх баг гэж байгаа. Компаниуд үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийхээ маркетингийн зөвлөгөө авч болно гэсэн үг. Манай зөвлөхүүд багаараа аль нэг жижиг үйлдвэрийг босгож ирье гэдэг хүсэлтэй байгаа.

Хүнсний салбарын бизнес эхлүүлэх гэж байгаа бол МХХ-ын мэргэшсэн зөвлөх багт хандаарай.
-МХХ нь дэргэдээ Мэргэжлийн зөвлөл ажиллуулдаг. Өнөөдөр ямар ямар салбарын зөвлөлүүд ажиллаж байна?

Манай холбооны гишүүн үйлдвэрүүдийн удирдлагаас бүрдсэн хүнсний мэргэжлийн 8 зөвлөл үйл ажиллагаа явуулж байгаа.

МХХ-ны Мэргэжлийн зөвлөлийг хэн хэн удирддаг вэ?

  • Сүү, сүүн бүтээгдэхүүний тогтвортой хөгжлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар М.Болод /Сүү ХК-ийн Дэд захирал/
  • Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар Л.Болор /Мах маркет ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
  • Ус, ундаа, шүүсний үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаах Л.Мягмаржав /Эм Си Эс Кока кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
  • Үр тариа, Гурил, гурилан бүтээгдэхүүн, бялуу үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар С.Тамир /Талх чихэр ХК-ийн Ерөнхий менежер/
  • Исгэлтийн үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар Ц.Ган-Эрдэнэ /Арвайн үндэс ХХК-ийн Гүйцэтгэх захирал/
  • Эрдэм шинжилгээ, мэргэжлийн боловсролын зөвлөлийн даргаар Б.Бат-Эрдэнэ /Технологийн дээд сургуулийн захирал/
  • Бусад салбар үйлдвэрлэлийн мэргэжлийн зөвлөлийн даргаар Ц.Төгсөө /ГБТ Трейдинг ХХК-ийн Дэд захирал/
  • Ахмадын зөвлөлийн даргаар Г.Лхамсүрэн нар тус тус ажиллаж байна.

Монголын Хүнсчдийн Холбооны Мах, махан бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөлийн уулзалт. 2018.11.06

-Та дээр Монголын Хүнсчдийн Холбоо үндсэн 7 зорилтод чиглэлийг дэвшүүлэн ажиллаж байгаа гэж хэлсэн. Эндээс зарим зүйлийг тодруулмаар байна. Хүнсний салбарын бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

Монгол Улсын Хүнсний салбарын холбогдох хуулиуд, даган мөрдөх дүрэм, журмын уялдаа холбоо, давхцал их байгаа. Үүнийг сайжруулахад анхаарч ажиллана.

Мөн үйлдвэрлэл бүрт техникийн зохицуулалтыг батлуулан мөрдүүлэх, олон улсын стандартыг нутагшуулах болон үндэсний стандартыг боловсруулах зэрэгт холбогдох газруудтай хамтран идэвхи санаачилгатай ажиллана хэмээн зорьж байна. Үүнээс гадна үндэсний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, дотоодын зах зээлийг хамгаалах, импортыг бууруулахад Тарифын болон тарифын бус худалдааны хориг саадыг багасгах чиглэлээр холбогдох байгууллагатай хамтарч, нөлөөлж ажиллана.

Дээрх хэлсэн стратеги боловсруулах ажил мөн энэ хүрээнд орж ирнэ. Өөрөөр хэлбэл, хүнсний салбарын бүхий л сүлжээ /мал аж ахуй, газар тариалан, бирж, ченж, худалдаа, хэрэглэгч/-г хамарсан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Хүнсний салбарын бодлогыг оновчтой тодорхойлох юм. Бодлогоо гарсны дараа үүнийг хэрэгжүүлэх чиглэлд нилээд анхаарч ажиллана. Засгийн газар, болон салбарын яам, бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах, энэ хүрээндээ 2020-2024 оны ЗГ-ын Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулж ажиллана.

-Салбарын боловсон хүчин бэлтгэх асуудал чухлаар тавигддаг. Энэ чиглэлээр хийх ажлаа та танилцуулаач?

-Манай холбоонд зөвхөн үйлдвэрлэгч нар гишүүнчлэлтэй байдаггүй, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Технологийн дээд сургууль, Хүнс, Технологийн Политехник Коллежууд гишүүнчлэлтэй байдаг.

Үйлдвэрлэгчдээс дутагдалтай байгаа мэргэжлээр захиалга авч мэргэжлийн сургуулиудад оюутан бэлтгүүлэх, мөн гадаад дотоодын хүнсний мэргэжлийн сургууль төгсөгчдийг ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх гэх мэтчилэн ажил зохион байгуулна.

- Томилогдоод 4 сар орчим болж байгаа ч Та нилээд ажлуудыг хийхээр төлөвлөж, эхнээсээ ажлууд эхэлж байгаа юм байна. Таны ажилд амжилт хүсье.

-Баярлалаа. Одоо ажлууд маань яг төлөвлөгөөний шатандаа, зарим ажлууд нь эхлээд, явж байна. Цаашид төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх, хүнсний салбарын хөгжлийг нэг шат ахиулахын төлөө ажиллах болно. Та бүхний ажилд бас амжилт хүсье.

Ярилцсан О.Батзаяа

Зочин

Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах