Баасанхүү.О 2018.11.13 | Vip76.mn

О.Баасанхүү: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой

О.Баасанхүү: Ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгох боломжтой
УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр орон сууцны ипотекийн зээлийн хүүг бууруулах  боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр хэлэхдээ:

“Ипотекийн зээлийн 8 хувийн хүүг 3 хувь болгох бүрэн боломжтой. Энэ асуудлаар УИХ болон Засгийн газарт шаардлага хүргүүлж, УИХ-ын тогтоолын төсөл байнгын хороогоор дамжуулан санаачилж батлуулахаар явах болно.

Иргэд ипотекийн зээлийг банк өгөөд байна гэж ойлгодог. Гэтэл банк бол таны миний хадгалуулж байгаа мөнгийг аваад бусдад дамжуулж байгаа. Гэтэл зээлийн хүү 20 хүртэл хувь байна. Бизнесийн зээл 20 хувийн хүүтэй. Харин манай судалгаа хийсэн залуучууд зээлийн хүүг 3 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзсэн. Банк өнөөдөр хүний мөнгийг хадгалахад 14 хувийн хүүтэй. Тэгэхээр 14 хувь дээр нэмэх нь гэж яваад байгаа юм. Банк 3 хувь л нэмэх ёстой."

Энэ нь:
  1. Үйлчилгээний 1%

  2. Эрсдэлийн 1%

  3. Ашгийн 1% -ийг нэмдэг.

Ингээд нийт 17 хувь болж байгаа юм. 17 хувиас багасгах боломж байна. Ямар боломж вэ гэвэл өнөөдөр инфляци 8%-тай байна. Үүний дээр банкны 3 хувийг нэмэхээр 11% болж байна. Банкууд хүний мөнгийг 11%-ийн хүүтэйгээр хадгалах юм бол зээлийн хүүг 11+3% гээд 14 хувиар бизнесийн зээлийг олгох боломж харагдаж байна.

Харин ипотекийн зээл гэдэг бол дэлхийн улс орнууд өргөн хэрэглэдэг. Манай улсад бол энэ төрлийн зээлийг 5 жил төллөө гэж үзэхэд үндсэн зээл буурах бус зээлийнхээ хүүг л төлөөд байгаа юм. 8 хувь гэж байгаа боловч 20 жилээр төлнө гэж тооцвол 160 хувийн хүүтэй болж байна.

Нийт 80 сая төгрөгийн үнэтэй байшинг авсан хүн 200 сая төгрөг банкинд төлж байгаа юм. Энэ бол цэвэр мөлжлөг юм. Гадныхан ипотекийн зээлийн хүүг нэг хувийн хүүтэй олгодог. Яагаад гэвэл НД-ийн шимтгэлээ бид төлөөд НД-ийн санд төвлөрүүлдэг. Энэ  мөнгийг улс маань ямар ч хүүгүй авдаг. Гадныхан үүнийг ипотекийн санхүүгийн эх үүсвэр болгодог. Тиймээс энэ төрлийн зээл нь 1 хувийн хүүтэй олгох боломжтой болж байгаа юм.

Мөн ипотекийн зээлийн хүү буурах бас нэг шалтгаан нь өмнө нь энэ төрлийн зээл авсан хүмүүсийн эргэн төлөлт 40%-тай мөнгөний эх үүсвэр бүрдүүлээд байна. Тиймээс энэ мөнгийг эргүүлээд ипотекийн зээлийн эргэлтэнд оруулж болно.  Ингэхдээ бага хүүтэйгээр олгож болно. Банк үйлчилгээ болон эрсдэлийн хүүгээ л авч болно. Ашгийн хүү авах ёсгүй.

Нийт 27 санд байгаа 3 их наяд төгрөг бэлэн байна. Гэхдээ бүх сангуудаа цөлөм гэж би хэлээгүй. Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг гэх мэтчилэн хэдэн тэрбумаар нь ТЭДС, ЖДҮХС-аас зээл авчихсан байна. Энэ мөнгөө орон сууцруу оруулбал утаа багасна. Харин орон сууцжуулахын тулд урьдчилгааг 30 би 20% болгоод зээлийн хүүг нь 8 биш 3 хувь болгох бүрэн боломж байгааг судалгааны баг маань гаргаж ирсэн.

95,000 хүн ипотекийн зээл авсан байна. Жилд 3000-3500 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагддаг. Урьдчилгаанд 30 хувийг төлж байгаа нь ч өндөр. Иргэдийнхээ авч байгаа цалин мөнгийг тооцсон ч ипотекийн зээлийг шийдэх боломжтой.
Ингэж шийдэх гарц нь байна.

Өргөдлийн байнгын хороонд 900 хүний гарын үсэг цуглуулж чадвал нээлттэй сонсгол хийх боломжтой болдог. Би 9000 хүний гарын үсэг цуглуулаад өгье. Ингээд хэлэлцүүлэг хийгдвэл УИХ-ын тогтоолын төсөл санаачлах эрхтэй болно. Ингэснээр ипотекийн зээлийн хүүг бууруулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулаад, энэ төслөө батлуулахын төлөө ажиллана гэсэн юм.