Пүрэвдорж.Б 2018.11.15 | Vip76.mn

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 13-р дүгнэлтийг хэлэлцлээ. 

Дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн танилцуулав. 

Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт, өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгохоор тусгасан байна.

Ийнхүү өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулиар баталгаажуулсан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, өв залгамжлуулах иргэний эрхийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээрх заалтыг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн аж.

Дүгнэлтийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа. Тус байнгын хорооноос Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлсэн. 

Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын дагуу дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.