М.Билэгт 2018.11.15 | Vip76.mn

М.Билэгт: ББСБ-аас боломжтой нь биш боломжгүй иргэд л өндөр хүүгээр зээл авч байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2018.11.15/ хуралдаан эхэллээ. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын зарим гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

“УИХ-ын дэргэдэх нэг байгууллага бол Монголбанк. Нөгөө байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо. Бид иргэдэд сонгуулийн үед амлалт өгдөг. Сүүлийн үед иргэд Монголын төр иргэдээ ажил орлоготой болгох бодлого зохицуулалтыг хийж өгөөч ээ гэж хүсдэг. Гэтэл талаар болж бухимдахад хүрч байна. Иргэдээ ажил орлоготой болгох суурь нөхцөл нь үндэсний мөнгөн тэмдэгт, Монгол төгрөгийн ханш тогтвортой байх юм. Хувиараа бизнес эрхлэгчид бага хүүтэй зээл олгооч ээ гэж жилээс жилд хүсч байна.

Гэтэл бид Монголбанкнаас төгрөгийн ханшаа тогтвортой байлгаач, бодлогын хүүгээ анхаараач гээд байдаг. Гэтэл нөгөө талд СЗХ ББСБ-аа хөгжүүлээд иргэдэд өндөр хүүтэй зээл олгоод байна. УИХ нэг гараараар зээлийн хүүг бууруул гээд байгаа мөртлөө нөгөө гараараа ББСБ хөгжөөд байгаа нь сайн байна гээд иргэдээ мөлжөөд байх юм уу? Үүнийгээ зохицуулахгүй бол болохгүй болжээ. ББСБ-аас мөнгөтэй боломжтой нь биш өдрийн хоолоо яаая гэж байгаа иргэд нь л зээл авч байна. Тиймээс Монголбанк ББСБ-аа албажуулаад байгаа зүйлээ хуулиараа зохицуулах хэрэгтэй байна.” гэсэн асуулт тавьлаа. Түүний асуултанд Эдийн засгийн байнгын хорооны дарга хариулт өглөө.