Занданшатар.Г Чинзориг.С 2018.11.15 | Vip76.mn

Харилцаа холбооны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Харилцаа холбооны тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. 

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төрийн бодлого, зохицуулалтын чиг үүргийн ялгаа заагийг тодорхой болгон, салбарын үр ашигтай шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого зохицуулалтыг хөгжлийн шинэ шатны зорилго зорилтуудад нийцүүлэн сайжруулах, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа үед төрийн нэгдсэн бодлого төлөвлөлт зохицуулалт уялдааг хангах цахим засаг ба үйлчилгээний удирдлага, тогтолцооны хуулийн зохицуулалт, тоон эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг тусгажээ. 

Хуулийн төслийг ЭЗБХ-ны хуралдаанаар хэлэлцсэн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. 

Байнгын хороо 2018 оны 11 сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Л.Болд, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж, Л.Энх-Амгалан нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

Үүний дараа байнгын хорооноос гаргасан саналын дагуу хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.