Л.Болд 2018.11.15 | Vip76.mn

Л.Болд: Салбарын хөгжлийг дэмжсэн сайн хууль болох ёстой

Өнөөдөр /2018.11.15/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Харилцаа, холбооны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

“УИХ анхаарал султай байх үед энэ хууль орж ирж байна. Улс орны хөгжил харилцаа холбоогоор тодорхойлогддог. Өнөөдөр гар утас, орчин үеийн мэдээлэл харилцаа хөгжснөөр даяаршлын ялалт гарч ирсэн. Монголчууд энэ үед их том боломжийг олж авч байгаа юм. Бид хөгжих гарцгүй, алслагдсан ард иргэдийг хөгжих боломжийг харилцаа холбоо бий болгож өгсөн. Харин одоо бидэнд иргэн бүр ертөнцийн төв болоход харилцаа холбоо гол үүрэг гүйцэтгэж байна. Салбарын хөгжлийг дэмжсэн томоохон, сайн хууль болоосой гэж хүсэж байна. Иргэний гар утасны дугаарыг тухайн иргэний өмч гэж 3 жилийн өмнө хуульчилсан. Гэтэл хэрэгжихгүй байна. Аль нэг компанийн барьцаа болдог байдал үргэлжилсээр байна. Регистрын дугаарыг хүн төрөхөд л өгдөгтэй адил утасны дугаартай байх бөгөөд иргэний харилцаа компаниа өөрөө сонгох боломжыг нь олгох хэрэгтэй.” гэлээ.

Түүний асуултанд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Г.Занданшатар хариуллаа.