2010.02.18

С.Эрдэнэ: Манай нам шинэчлэгдэх шаардлагатай байгаа шүү дээ

Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Ардчилсан хүчний холбоо байгуулагдаад удаагүй байгаа. Байгуулагдсанаасаа хойш ямар ажил амжуулав?

-Албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлж, тамга, гэрчилгээгээ авлаа. Зохион байгуулалтын ажлаа хийж байна. Одоогийн байдлаар нийслэлд хоёр, хөдөө орон нутагт дөрөв, нийт зургаан салбар холбоо байгуулагдлаа. Олон түмний зүгээс зүй ёсны талархлыг хүлээж байна. Бидний дэвшүүлж тавьж байгаа бодлого, зорилтыг иргэд маш их сонирхож байна. Шударга ёс, хүний эрхийн асуудлаар дуугардаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагын орон зай нийгэмд үгүйлэгдэж байсан юм байна гэдэг нь харагдлаа.

-Гишүүд, дэмжигчдийн хүрээ хэр өргөжиж байна вэ?

-Өргөжиж байгаа. Бид анкет, үнэмлэхийг цаасаар хараахан гаргаж амжаагүй. Загвараа гаргасан. Энэ долоо хоногоос хэвлүүлнэ. Холбооны вэб сайтаар гишүүнчлэлийг элсүүлэх ажил явагдаж байгаа. Гадаад дотоод гэлтгүй олон хүн вэб сайтаар гишүүнээр элсч байна. Гишүүнчлэлийн хүрээ цаашид ч өргөжих нь харагдаж байна шүү.

-Танай холбоог АН доторх фракц гэж ойлгож болох уу?

-Бид фракцын хэмжээнд үйл ажиллагаа явуулъя гэсэн зорилго тавиагүй. Нийгмийн шинэчлэлийн асуудлыг гол эрхэм зорилгоо болгож тавьсан. "Монголоо шинэчилье" гэдэг уриаг дэвшүүлсэн. Зөвхөн нам дотроо үйл ажиллагаа явуулах, намаа шинэчлэх гэдэг хүрээнд асуудлыг ярих нь дэндүү явцуу, бага хүрээнд ажиллагаа явагдахаар харагдаж байгаа. Монгол Улсын бүх салбарт шинэчлэл шаардагдаж байна, хүмүүс хүсч байна. Монголын шинэчлэлийг гаргаж тавих нь нэн тулгамдсан асуудал болоод байгаа. Тэр шинэчлэлийн хөтөч, түүчээ хүмүүст үгүйлэгдэж байна, шаардагдаж байна. Энэ бүгдэд улс төрийн шинэчлэл гарцаагүй багтана. Учир нь өнөөдөр улс төрийн намуудын төлөвшил ямар шатанд явааг, улс төрийн тогтолцоо ямар түвшинд байгааг бүгд мэдэж байгаа. Тэр битгий хэл, өнөөдөр парламентад хүртэл шинэчлэл шаардлагатай байна. Олонхи цөөнхгүй болчихсон, сөрөг хүчний дуу хоолой байхгүй. Ийм парламентыг эрүүл парламент гэх үү.

-Танай холбооны гишүүд парламент дахь сөрөг хүчний дуу хоолой болох уу?

-Бидний ажиллагааг сөрөг хүчний үйл ажиллагаа гэж үзнэ үү, сөрөг хүчний дуу хоолой гэнэ үү. Үүнээс эмээхгүй. Шаардлага гарсан тохиолдолд сөрөг хүчний дуу хоолой болно, сөрөгхүчний байр сууринаас асуудалд хандана. Өөр арга байхгүй. Яагаад гэвэл шинэчлэхийн тулд эрчимтэй үйл ажиллагаа явуулах шаардлага байна.

-Холбоо байгуулахгүйгээр намын зүгээс шинэчлэл хийх боломж байхгүй байсан юм уу?

-Манай нам өөрөө шинэчлэгдэх шаардлагатай байгаа шүү дээ. Намын дотоод үйл ажиллагаа зогсонги байдалд орчихсон, эрүүл саруул уур амьсгал байхгүй шахуу болчихсон ийм цаг үед асуудлыг өөр түвшинд тавих ёстой л доо.

-АН-д шинэчлэлийг ямар нэг хэмжээгээр хийх юм байна гэж ойлгож болох уу?

-Улс төрийн түвшинд шинэчлэл зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнийг хийхийн төлөө л явна. АН болон бусад улс төрийн хүчнүүдийн үйл ажиллагаа өнөөдөр байхгүйтэй адил байна шуү дээ.

-Танай холбооныхон намын харьяалалгүй болсон төрийн албан хаагчдаа өмгөөлөх үйл ажиллагаа явуулна гэж мэдэгдэж байсан. Энэ нь төрийн албан хаагчийг намын харьяалалгүй болгосны эсрэг үйл ажиллагаа болох гэж байгаа хэрэг биш үү?

-Аливаа юмны төлөвшил, цаг хугацаа нь болоогүй байхад хийсэн өөрчлөлтүүд сөрөг үр дагавар авчирдаг. Төрийн албан хаагчдыг улс төрийн намын харьяалалгүй болгосон нь нэг талдаа зөв боловч нөгөө талдаа сөрөг ур дагавар авчирсан. Хэдийгээр төрийн албан хаагчдыг намын харьяалалгүй болгоод хуульчилчихсан ч гэсэн АН-д байсан. АН-ыг дэмждэг хүмүүсийг дарамтлах, ажлаас нь халах, солих ажиллагаа өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Үүнийг таслан зогсоох, зөв зүйтэй гольдролд нь оруулах, хуулийн хүрээнд нь байлгах асуудал тавигдаж байгаа. Гэтэл нам ийм асуудал руу шууд орох боломжгүй байгаа. Яагаад гэвэл хуулиар хориотой. Тэгэхээр Ардчилсан хүчний холбооны ажлын нэгхэсэг нь үүн рүү чиглэнэ. Өөрөөр хэлбэл, хүний ажиллах, хөдөлмөрлөх, амьдрах эрхийг хамгаална. Учир нь ардчилсан үзэлтэй хүн яагаад нийгэмд гадуурхагдаж байх ёстой гэж. Ардчилсан үзэл бодолтой байсныхаа төлөө яагаад ажилгүй байх ёстой гэж. Яагаад төрийн бодлогын гадна байх ёстой гэж. Манай холбоо зөвхөн АН, ардчиллыг дэмждэг хүмүүсийг биш хүний эрх, ажиллах, амьдрах эрхийн төлөө тэмцэнэ. Хууль бусаар, ёс бусаар хүмүүсийг ажлаас нь халдаг, хэлмэгдүүлдэг, төрийн албыг өмчилдөг асуудлын эсрэг манай холбоо ажиллана.

-Хэдийгээр хүний эрхийн төлөө тэмцэнэ гэж байгаа ч АН-ын гишүүд, дэмжигчдийн төлөө тэмцэх нь төрийн албыг өмчилж байгаа нэг хэлбэр болохгүй гэж үү?

-Үгүй. Төрийн албанд ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн эрхийг хамгаалж байгаа л хэрэг. Тухайн хүн ардчилсан үзэл бодолтой байсныхаа төлөө ажлаасаа халагдаж хэлмэгдэх ёсгүй. Үүнийг таслан зогсооё гэж байгаа юм. Түүнээс биш эрүү, иргэний чиглэлээр зөрчил гаргасан, хөрөнгө мөнгө шамшигдуулсан, ажил албандаа ёс зүйгүй хандсан тохиолдолд өмгөөлөхгүй. Хэн ч байлаа гэсэн хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Харин үзэл бодлынхоо хувьд хэлмэгдэж байгаа аливаа үйлдэлтэй тэмцэнэ. Мөн АН-д байсан, ардчилсан үзэл бодолтой төрийн албан хаагчид төрийн албанд ажиллаж байгаа гэдгээрээ нийгмийн амьдралаас тасарч болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүсийг мэдээллээр хангах, нийгэм, төрийг шинэчлэхэд тэр хүмүүсийн оролцох оролцоог хангах шаардлагатай. Тийм учраас тэр хүмүүсийн дуу хоолой, оролцоог бодитой, зохион байгуулалттай байлгах үүднээс Ардчилсан хүчний холбоо тодорхой ажлуудыг хийнэ.

-Холбооны хийх эхний ажил юу вэ?

-Нийгэмд тулгамдаад байгаа эдийн засаг, улс төрийн асуудлыг бодитоор гартаж тавина. Мөн Монголын ирээдүй хаана байгаа юм бэ, Монголын иргэдэд сайн сайхан амьдрал байна уу, үгүй юу. Манай улсын эдийн засгийн хөгжлийн гол түлхүүр хаана байгаа юм. Уул уурхай, ашигт малтмалын баялгийг хэрхэн яаж хуваарилах юм. Ирээдүйд энэ тал дээр Монголын төр ямар бодлого барих ёстой юм. Ажлын байр, амьжиргааны түвшинд яаж дээшлүүлэх вэ гээд олон асуудал дээр концепци гаргаж тавина. Энэ хөтөлбөрүүдээ боловсруулж дууссаны дараа буюу ирэх гуравдугаар сард Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлаа хийхээр төлөвлөж байгаа. Энэ их хурлаар Ардчилсан хүчний холбооны мөрийн хөтөлбөр, Монголын хөгжлийн ерөнхий концепцийг батлахаар төлөвлөж байгаа.

-УИХ-ын гишүүдээс танай холбоонд нэмж элссэн үү?

-УИХ-ын гишүүд дотор холбоог дэмжиж байгаа гишүүн олон бий. Зарим нь шууд элсч байна, зарим нь шууд бус утгаар дэмжиж байна.

-Намын удирдлагууд танай холбооны талаар ямар байр суурьтай байгаа бол..?

-Энэ талаар намын удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцож амжаагүй байна. Шаардлагатай бол уулзана. Дахиад хэлэхэд Ардчилсан хүчний холбоо нийгмийн шинэчлэлийн төлөө, "Монгол Улсыг шинэчилье" гэдэг уриагаа хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Энэ шинэчлэлийн хүрээнд ямар ч асуудалд өөрийнхөө байр суурь дээр хатуу зогсоно гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.