Оюунхорол.Д Занданшатар.Г Эрдэнэбат.Ж 2018.11.16 | Vip76.mn

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

УИХ энэ сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийг баталсан. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч уг төсвийг хэт алдагдалтай төсөв гэж үзэж 6 үндэслэлээр хориг тавьж байгаагаа өчигдөр УИХ-ын даргад гардуулан өгсөн юм. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийн асуудлын талаар өдөржингөө хуралдсаны эцэст хоригийг хүлээж авахгүй гэсэн байр суурин дээр тогтсон. Ийнхүү үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороо хоригийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь хоригийг хүлээж авсангүй.

Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн тамгын газрынхан Ерөнхийлөгчийн үнэн бодит мэдээллээр хангахгүй байна

Ж.Эрдэнэбат: Хориг тавьсан асуудалд Ерөнхийлөгчийг буруутгахгүй байна. Ерөнхийлөгчийн тамгын газрыг удирдаж байгаа таны хувьд Ерөнхийлөгчийг бодлогын чанартай зөв зүйтэй мэдээ мэдээллээр хангах дээр анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. Та тэгж чадахгүй байна гэсэн бодол төрж байна.

Та УИХ-ын дарга байхаараа нэг өөр юм ярьдаг, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхаараа бас өөр юм ярьдаг.

Өнгөрсөн 4 жил МАН-ын бүлгийн 26 гишүүнийг “та нартай та наргүй хурлаа хийнэ, гарвал гар” гэж хэлдэг байснаа мартсан юм болов уу гэж бодож байна. Учир нь энэ бичгэн дээр 42 гишүүнтэй баталсан нь хууль бус үйлдэл болсон гэж бичжээ. Таны хэлж байсан үг танд юу гэж бодогдож байна? Та “Сангийн яам бодлогынхоо хүрээнд төлөвлөгөөнийхөө хүрээнд бодлогын дагуу төсөв боловсруулж оруулж ирсэн. Үүнийг УИХ-ын гишүүд үг дуугүй батлах ёстой гэсэн байр суурьтай” байна. Тэгвэл төсвийг УИХ батлах ямар шаардлагатай юм бэ? Таныг УИХ-ын дарга байсны хувиар асуумаар байна.

ЖДҮ-ийн сангийн хөрөнгийн асуудлыг бас ярьж байна. Таныг УИХ-ын дарга байх үед Сангийн сайдаар ажиллаж байсан би байна, Ч.Улаан сайд бас байна. Намайг Сангийн сайд байхад салбарын сайд өөрөө журмаа батлаад, өөрөө тушаалаа гаргаад зээл олгодог байсан. Миний хувьд Ерөнхий сайд болсныхоо дараа үүнийг өөрчилсөн. Журмыг Засгийн газар баталж, баталсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байя гэж үзсэн. ЖДҮ-ээс зээл авсан зарим нэг гишүүдийг өмгөөлөөгүй. Таны Ерөнхийлөгчийн хориг дээр тавьсан өгүүлбэртэй холбогдуулж хэлж байна. Төрийн захиргааны байгууллагаас олгодог болсныг таслан зогсооё гэсэн байна. ЖДҮ-гийн сангаар дамжуулж үйлдвэржилтийн бодлогыг дэмжих нь илүү ашигтай. Төсвөөс аж үйлдвэрийн кабинетийг хийх хэцүү.

З.Энхболд: 26 гишүүн байж байгаад хүний кноп дараад батлагдсан төсөв юи. Б.Чойжилсүрэн гишүүн хүний кноп дараад төсөв баталлаа гэж ярилцлага өгж байсан. Хариуцлагагүй баталсан шүү л гэж хэлж байна.

Төрийн захиргааны байгууллага зээл дэмжлэг үзүүлэхээ боль. Үзүүлмээр байгаа бол бизнесийн зарчмаар яваг. Харин нөхцлөө банкуудтайгаа сайн тохир. Суманд байдаг сая төгрөгний зээл авдаг хүн ХААХҮЯ-нд очиход зардлын нэмэр болно. Өөрийн чинь үед гарсан тушаалаар Сэргэлэн сайд яамнаас олгодог болоод будилаад явсан. Олон жилийн турш төлөвлөлт явах ёстойгоос биш гэнэт сэрээд тойргийн асуудлаа ярихаа больчих. Энэ практик огт засрахгүй яваад байна. Түүхий эдийн үнэ өндөр байгаа дээр ирээдүйд төлөх зээлдээ зориулаад мөнгө цааш нь хийх хэрэгтэй. 1 сарын 1-нээс эхлээд УИХ-ын гишүүдийн авч чадаад байгаа зээлийг суманд байгаа ЖДҮ-үүдэд тараах шинэ систем рүү оръё.

Ж.Эрдэнэбат: ЖДҮ-ийн сангаас дамжуулах хөрөнгийг таныг УИХ-ын дарга байхад зөвхөн сайд нь бүх асуудлыг шийддэг байсныг болиулаад хуулинд тусгаад Засгийн газар баталдаг болсон гэж хэлээд байна. Харамсалтай нь журман дээр биш зарцуулалтанд асуудал үүссэн. УИХ-д нэр дэвшээд сонгогдсон гишүүн ямар байдлаар сонгогддог вэ гэдгийг та мэдэж байгаа. Сонгодсон тойргийнхоо ард иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлнэ, ажлын байраар хангана гэж сонгогддог. Таны нэрлээд байгаа гишүүдийн мөнгө үүнд л зарцуулагддаг. Өөр хэлбэрээр зарцуулж байсан учраас хардаад байж магадгүй. Баримтгүйгээр гүжирдэж, асуудлыг улстөржүүлж болохгүй.

Г.ЗАНДАНШАТАР: УЛС ОРНЫ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ОЙЛГОЛЦООД ЯВАХ ХЭРЭГТЭЙ

Г.Занданшатар: Хаа хаанаа үл ойлголцол их байна. Тухайлбал, З.Нарантуяа гишүүн Сангийн яам бүх сургууль цэцэрлгийлг хасаад аймаг орон нутагт нь 189 тэрбум төгрөг тавьсан гэж худал хэлж байна. Сая Д.Оюунхорол гишүүн хэллээ. 145 сургууль, 173 цэцэрлэг Сангийн яам оруулж ирсэн. 189 тэрбум бол аймаг болгонд хүн амын тооноос шалтгаалаад 8-10 тэрбум төгрөгийг орон нутагтаа сургууль эмнэлгийн их засвар гээд шийдэх асуудал их байдгийг зарцуулахаар тусгасан. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлсэн хөрөнгө оруулалтын хэлбэр байсан. Үүнийг аймаг орон нутгаас санал аваад шилжүүлсэн зүйлийг мушгиж болохгүй.

Мөн ард түмний эрх ашгийг дээдэлсэн ойлголцол хэрэгтэй байна гэдэг дээр санал нэг байна. Тухайлбал, уул уурхайн бус экспортыг дэмжих нь урт хугацааны тогтвортой хөгжилд хэрэгтэй. Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийлг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тодорхой хэмжээгээр гаргаж болно гэж ажлын хэсгийн ахлагч, ТБХ хамтарч ажиллаад 500 тэрбум төгрөгний санал гаргаж ирсэн. Энэ саналыг  хоёрдугаар хэлэлцүүлгийг үед хэлэлцэх гэхэд оройтсон байсан. Үүнийг татаж аваад суулгах асуудал яригдсан. Гэтэл дэгийн хувьд боломжгүй, ахин өргөн барих процесс хэцүү гэж ярьсан. Ерөнхийлөгчийн тавьж байгаа хориг дээр Уул уурхайн экспортыг дэмжихэд зориулж малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрлэлүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төсөвт суулгая гэсэн хориг тавигдсан байсан бол хоригийг хүлээж аваад, ярилцаад явах бололцоотой байсан.

Тиймээс Ерөнхийлөгч хоригоо татаж аваад энэ саналыг нэмж оруулаад, цааш нь хэлэлцээд явах зарчмын санал гараж байна.
Д.ОЮУНХОРОЛ: ГИШҮҮДИЙН МӨНГӨ ГЭЖ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ

Д.Оюунхорол: Ерөнхийлөгч 2019 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Төсөвт реформ хийх хэрэгтэй байна гэж ярьж байгаа зарчмын саналыг авах ёстой. Хүрэн эдийн засгаас татгалъя, уул уурхайн салбарыг хэт шүтэж байна. Зөвхөн уул уурхайн салбарын үнийн өөрчлөлтөөс шалтгаалж Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлдэг бүтцийн схемээ өөрчилж, малын гараа түүхий эдээ өөрдсөө боловсруулж, экспортолдог болъё 170 мянган малчин өрхийн амьдралыг өөд нь татах чиглэлээр ажил хийх ёстой гэж байгаа саналтай зарчмын хувьд санал нэг байна. ГЭХДЭЭ төсөвт бүхэлд нь хориг тавьсан явдал нь 12 сарын 15-ны дотор аймаг, орон нутгийн төсвүүд батлагдах ёстой цаг хугацаанд хийж амжхааргүй боллоо гэсэн байр суурьтайгаар МАН бүлэг дүгнэлтээ гаргасан.

Ажлын хэсэг дээр энэ асуудлыг хэлэлцэж байх үед тодорхой хувилбаруудыг гаргасан. Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Засгийн газрын төсвөө татаж аваад, төсөв засах ажлаа Засгийн газраа өөрөө хийгээд оруулж ирэх хувилбар ярьсан.

Мөн Засгийн газраас өргөн барьсан дээр нэг ч төгрөг нэмээгүй.

Орлогын хэмжээг 9 их наяд 676.5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 11 их наяд 589.8 тэрбум төгрөгөөр төсөвлөж оруулж ирсэн дээр бид нэг төгрөг ч нэмээгүй. Тогтворжилтийн санд байгаа 322 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд байгаа 550 тэрбум төгрөгний хуримтлал үүсгэхээр тооцож оруулж ирсэн байгааг тусгай хуулиар зохицуулаад, Хөгжлийн банкаар дамжуулаад одоогийн ЖДҮ-д зориулж олгодог 3 хувийн хүүтэй зээлийн хэмжээг нэмэгдүүлээд, ирээдүйд бий болох баялаг бүтээх гэж байгаа үйлдвэрлэгчид зоруилсан зээлийг олгох том эх үүсвэрийг тавих боломжтой хуулинд дагавар өөрчлөлтийг оруулах саналыг ажлын хэсэг бэлдсэн байсан.

20 жил МАН, АН хэрүүл хийж суулаа. Одоо бид улстөрийн соёлтойгоор улс эх орны том эрх ашгаа бодож, том эрх ашгаа харж, хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, зөв концепцтойгоор авч явах ёстой гэж бодож байна. Тиймээс хэрүүл маргааны сэдэв рүү оруулахгүйгээр, эдийн засгийн горимоор нь аваад явах боломж байна уу гэж харж байна. Энэ асуудал дээр Засгийн газар ажиллах боломжтой. Шаардлагатай бол хуулийн төсөл өргөн барьж оруулж, хэлэлцүүлэх боломжтой.

Хориг дотор тавьсан нэг дүгнэлт нь УИХ-ын гишүүдийн мөнгийг нэмэгдүүлсэн, авилгажуулсан, 5 тэрбумыг 8 тэрбум болгосон гэж буруу дүгнэлт хийсэн байна. Хүн ойлгохдоо УИХ-ын гишүүд өөрсдөдөө мөнгө тавиад дур мэдэн зарцуулдаг юм биш биз гэсэн хардлага үүснэ. 2019 оны төсвийг

Засгийн газраас оруулж ирэхдээ Сангийн яам маш хариуцлагагүй оруулж ирсэн. Ч.Хүрэлбаатар сайд өнөөдөр ч төсвийн хориг яригдаж байхад ТБХ-ны хурал дээр орж ирэхгүй байгаа нь ч бүдүүлэг хэрэг.

Ийм том эрх мэдэлтэй Сангийн сайд болсон. Сангийн сайд маш хариуцлагагүй төсөв оруулж ирснийг УИХ-ын гишүүд хэдэн шөнө нойргүй хонож, бүрэн бүтэн болгож төсвөө цаг хугацаанд нь баталж чадсан. Гишүүдийн мөнгийг нэмэгдсэн их болсон гэж ярьж байгааг буруу гэж ойлгож байна.