Баасанхүү.О 2018.11.17 | Vip76.mn

Ч.Улааныг сайдад томилох асуудлаар АН бүлэг завсарлага авлаа

Ч.Улааныг сайдад томилох асуудлаар АН бүлэг завсарлага авлаа

Өнөөдөр /2018.11.17/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилуулах асуудлыг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг завсарлага авлаа.

УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилуулах асуудлыг Засгийн газраас 2018 оны 11 сарын 15-ны өдөр өргөн мэдүүлж өчигдөр буюу 16-нд БОХХАА-н байнгын хороогоор хэлэлцэж, дэмжсэн юм.

Ийнхүү өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг оруулж ирсэн ч УИХ-ын гишүүн О.Баасанхүү чухал салбарын сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд чуулганы танхимд орж ирэхгүй байгаа нь буруу. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа сайдыг томилох асуудлыг хэлэлцье гэсэн горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Би горимын санал гаргаж байна. Сайдынхаа асуудлыг ерөнхий сайд, Засгийн газар нь өөрөө оруулж ирэх ёстой. Өчигдөр Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх үед Сангийн сайд ч байгаагүй. Төрийн үйл ажиллагааг замбараагүйтүүлж, төрийг хүчгүй болгох үйл ажиллагаандаа ерөнхий сайд хэт улайраад байна. Төсвийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж, шийдвэр гаргахгүй бол төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй эмх замбараагүй байдал үүснэ. Би өмнө нь нэг сайдын асуудал орж ирэхэд хууль нэг сайдыг огцруулах биш Ерөнхий сайд болон кабинетээр нь огцруулах эсэх асуудлыг ярих ёстой. Гэтэл Ерөнхий сайд нь орж ирэхгүй байхад Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь түр эзгүй үед орлоод байж байх ёстой. Энэ бол МАН болон бүлгийн хурал биш. Тиймээс Ерөнхий сайд өөрөө УИХ-ын танхимд ирж томилох сайдынхаа асуудлыг хэлэлцье.”

Мөн УИХ-ын гишүүн, АН бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “АН бүлгийн зүгээс ЖДҮХС-ийн зээлийн асуудлыг бүрэн шийдтэл дараагийн сайдын асуудлыг хэлэлцэхгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр сайд нарынхаа асуудал дээр ч тэр кабинетаас нь бүхэл бүтэн нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл гэж харж байна. Гэмтсэн гэдэг бол шалтгаан биш. Тиймээс Ерөнхий сайдыг өөрийг нь иртэл сайдын томилгооны асуудлаас АН бүлэг завсарлага авч байна” гэлээ.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшиний зүгээс: “Ерөнхий сайд зугтаад ирэхгүй байгаа юм биш. Нуруунд нь гэмтэл гарсан. Үүнийг заавал далимдуулах хэрэггүй. Төрийн ажил явдгаараа явна” гэсэн юм.

Ийнхүү сайдыг томилох асуудал дээр АН бүлгийн завсарлага авснаар чуулган түр завсарлаж, Хууль зүйн байнгын хороо хуралдсаны дараа Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр боллоо.